The Mongolian Mining Journal /Feb.2023/
Ц.Элбэгсайхан
Хүмүүсийг өөрсдөөр нь үйлдэл хийлгэх шалгарсан хоёр арга байдаг. Эхнийх нь урам зоригийг нь өдөөх юм уу, тодорхой алхам хийснийх нь төлөө шагнал амлах. Нөгөөх нь айдас түгшүүрээр нь удирдах буюу шийтгэл ногдуулах. Койнд хөрөнгө оруулагчдын хувьд аль аль нь нөлөөлсөн. Нэгдүгээрт, итгэж авч дарсан койн нь хэдэнтэй өсөж том ашиг хийнэ гэх цайлган хүлээлт. Магад зарим нь нарлаг дулаан оронд үнэтэй амралт төлөвлөж ч амжсан байх. Хоёрдугаарт хүн бүхэн хошуурч ороод, авсан койноо зараад дэлхийгээс доллар халааслах боломжтой гэж хэлсээр байхад ганцаараа хоосон үлдчих вий гэсэн айдас.
Энэ ганцхан Монголд л ажиглагдсан зүйл биш. Бас анхны тохиолдсон ч биш. Ерөөс хүн төрөлхтний сэтгэлгээний онцлог нь ийм бөгөөд санхүү, хөрөнгийн зах зээл дээр урьд өмнө олонтаа, бараг л эдийн засгийн халалтын үе бүхэнд гарч ирдэг үзэгдэл гэж хэлж болно. Үүнийг дэлхий нийтээрээ FOMO (Fear Of Missing Opportunity) буюу боломжоос хоцрох айдас гэж нэрлэдэг. Гагцхүү энэ удаад койнууд фоморлын талбар байлаа.
Нэгэн зүйлийг баттай хэлэхэд, монгол койнууд гараагүй байсан ч өнөөдөр эдгээр хохирогчид, хохирогчоороо үлдэх магадлал өндөр. Учир нь үүний цаана эдийн засгийн хүчин зүйл, макро бодлогын том алдаа, цоорхой бий.
2021 он Хятадыг эс тооцвол цар тахлын дараах сэргэлт гэгч зүйлийг дэлхий нийтээрээ үзсэн. Монгол Улс ч мөнгөний бодлогын хувьд урьд өмнө байгаагүй зөөлөн бодлого хэрэгжүүлж байсан үе. Засгийн газар санаанд багтамгүй их наядын олон хөтөлбөр хэрэгжүүлж зах зээл мөнгөөр туйлж байсан үе. Энэ цонх үед л Монголын хөрөнгийн зах зээл хоёр дахин томорч, топ 20 индекс 130%-ийн өсөлт үзүүлсэн. Монголын хөрөнгийн бирж дээр анхны нэг их наядын үнэлгээтэй компани төрөн гарсан.
Үүнтэй харьцуулахад койнуудад орсон мөнгө бол бутархай төдий. 10 их наяд төгрөг гэдэг бол манай эдийн засгийг бараг л хоёр дахин томруулах хэмжээний дүн юм. Бодлогын хүү өнөөдрийнхөөс хоёр дахин бага байлаа. Үйлдвэрүүд зогссон, үйлчилгээний газрууд удаан хугацаанд хаалгаа барьсан, гудамжуудаар хүмүүсийн хөл тасарсан, алслагдмал бүс нутгууд нийлүүлэлтгүй болсон эдийн засагт байгаа зүйл нь төгрөг л байв. Инфляц яагаад өсөж, ам.доллар яагаад чангарсаар байгаагийн учир энэ гэдгийг өнөөдөр бүгд мэдэж, ярьж байгаа. Харин койнууд ч бас адилхан учир шалтгаантай талаар хэн ч үл дурсана.
Инфляцийг 6%-д хүргэх зорилт тавьсан Төв банк бодлогын хүүг хагас жилийн дотор хоёр дахин нэмэгдүүлснээр зах зээл дээрх сул мөнгийг хамж аван эрэлтийг бууруулж байгаа гэж бодсон минь эндүүрэл байв.
Уг нь анхандаа койнчид буюу крипто хөрөнгийн салбарынхан элбэж хамжаад салбараа анхнаас нь зөв жишиг, өндөр босго тогтоохыг эрмэлзэж байсныг санах хэрэгтэй. Дижитал хөрөнгийн тухай хуулийг тал талын оролцоотойгоор боловсруулж батлуулсан. Гэсэн ч бодлого эргэж, мөчлөг өөрчлөгдсөн нь койнчдын ч тэр, бизнесийнхний ч тэр хянаж чадах зүйл биш юм.
Мөнгөний бодлого маш огцом хатуурч, хувьцаа, койн авснаас илүүтэй хадгаламж, бондод хөрөнгө оруулбал эрсдэл бага, ашигтай болсон. Засгийн газрын хөтөлбөрүүд дууссан.Эдийн засаг нээгдэж хүмүүс байгаа мөнгөө бизнестээ зарцуулах хэрэгтэй болсон. Хятад хилээ нээснээр мөнгөний урсгал импорт руу илүү чиглэсэн. Товчхондоо хүмүүс койнд итгэж байсан ч түүнд зориулах мөнгө, цаг зав байсангүй. Харин алдсан цаг хугацаагаа нөхөхийн төлөө дор бүрнээ хичээж байсан нь лавтай.
Ийм үед Төв банкны авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь харин олон асуулт, асуудал дагуулж байгааг хөндөх цаг болсон бололтой. Инфляцийг 6%-д хүргэх зорилт тавьсан Төв банк бодлогын хүүг хагас жилийн дотор хоёр дахин нэмэгдүүлснээр зах зээл дээрх сул мөнгийг хамж аван эрэлтийг бууруулж байгаа гэж бодсон минь эндүүрэл байв. Харин ч эсрэгээрээ мөнгөний нийлүүлэлт 2020 оны эхэн үеэс 50 хувь орчмоор нэмэгджээ.
Одоо бид инфляц яагаад буурахгүй байгаагийн учрыг мэдлээ. Хятад дахь цар тахлын хөл хорио, “Ковид-0” бодлого огт хамаагүй байсан биш үү гэсэн хардалт төрнө. Мөнгөний нийлүүлэлт 50% нэмэгдсэн атал инфляц 12-14%-тай байна гэдэг харин ч бид сахилга баттай байгаагийн шинж. Энд нэг зүйлийг онцлоход, мөнгө “хэвлэж”, хүүг өсгөснөөр эрх мэдэлтнүүд мөнгөтэй хүмүүсийн эрх ашигт үйлчилж тэднийг улам баяжихад тусалж байгаа юм. Харин койн, хувьцаанд хөрөнгө оруулж хохирсон хүмүүст дахин мөнгө олж, амьдралаа авч явахад улам хэцүү, хүү илүү өндөр болсон.
Тэгэхээр, фомо хохирогчид зөвхөн койноор дуусахгүй байж мэднэ. “Бэлтэс мөрөн”-гөөс койн сан руу урссан их харуусал хөрөнгийн зах зээлийг ч хөмрүүлж мэдэхээр нөхцөл байдал дундуур бид явж байна. Хоёр цорго хоёул нээлттэй цаашид удаан үргэлжлэх боломж хомс. Бодлогын хүүг бууруулах, эсвэл мөнгөний нийлүүлэлтийг зогсоох үед аль нь ч бай өрхүүдэд, жинхэнэ ЖДҮ-чдэд маш их “өвдөлт” мэдрүүлэх болно.
Өнөөдөр нэгэнт койн аюултай гэсэн ойлголтыг нийгэм даяар цацлаа. Бүрмөсөн үгүйрэхээсээ өмнө, түрүүлж “гарах” гэсэн өөр нэгэн фомог үүсгэлээ. Үүнээс бас олон хохирогч гарч магадгүй ч хожим тэднийг хэн ч авч хэлэлцэхгүй. Учир нь хүмүүсийн гар дээрх мөнгө хэзээ ихсэж, хэзээ багасахыг бодлого тодорхойлогчид “мэдэж” буй. Бодлогын нөлөө зөвхөн койнд ч биш, зөвхөн манайд ч бус, дэлхийн бүхий л хөрөнгийн зах зээлд ижилхэн. Гагцхүү крипто зах зээлийн мэдрэмтгий чанар бусдаасаа хэт өндөр байгаа хэрэг.