Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монгол Улсын Эрдэнэсийн санд 2022 онд 22.9 тонн үнэт метал худалдан авчээ


А.Халиун

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.03.28) хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.
Монголбанкнаас төслийг “маш нууц” тэмдэгтэй ирүүлсэн боловч 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Төрийн болон албаны нууцын тухай хуульд  оруулсан өөрчлөлтийн дагуу эрдэнэсийн сангийн асуудал төрийн нууцаас хасагдсан болохыг Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулав.
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т “тухайн мэдээллийг төрийн болон албаны нууцад хамаарахгүй болгосон хууль  батлагдаж хүчин төгөлдөр болсон” гэх үндэслэлээр ил болгохоор заасны дагуу УИХ-ын тогтоолын дээрх төслийг нээлттэй хэлэлцэв. Төслийн талаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван танилцууллаа.

 

Тэрбээр, Монгол Улсын Эрдэнэсийн сан 2022 онд 22.9 тонн үнэт метал худалдан авч, гадаад валютын улсын нөөцийг 878 сая ам.доллароор нэмэгдүүлсэн. Төвбанкны Дэд ерөнхийлөгч тус сангийн 2022 оны төсвийн гүйцэтгэл болон үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн төслийг дэлгэрэнгүй танилцуулав.
 
“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 93 дугаар
зүйлийн 93.1-т “УИХ шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан 
болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” хэмээн заасныг үндэслэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжиж, УИХ-ын тогтоолын дээрх төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.