Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Зэсийн гол үйлдвэрлэгч нь Чили, Перу, харин гол худалдан авагч нь БНХАУ, Герман, АНУ, Турк

 

Д.Оюунчимэг

Олон улсын зэс судлалын группийн судалгаанаас үзэхэд тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбар хамгийн том эцсийн хэрэглэгч салбар бөгөөд дараа нь барилга ба дэд бүтцийн салбар зэсийг их хэмжээгээр хэрэглэдэг гэсэн байна.

Дэлхийн зэсийн эрэлт, хэрэгцээ нь цаашид ч тасралтгүй өсөх хандлагатай ба сэргээгдэх эрчим хүч, цахилгаан болон гибрид машин, хотжуулалт, цахилгаанжуулалт, харилцаа холбоо, эрүүл мэндийн салбарын өсөлттэй уялдан “зэсийн шинэ эрин үе” эхэлж байна.

Аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орны эдийн засгийн өсөлтөд голлох нөлөө үзүүлэгч нь аж үйлдвэрийн салбар юм. Энэ салбарын хөгжил нь зэсийн эрэлтийг бий болгодог. Үүнийг дэлхийн хөгжлийн түүхтэй уялдуулан авч үзэхэд 1900 оны үед дэлхий дахинаа 500 мянган тонн зэс үйлдвэрлэж байсан ба  монголчууд зэсийг эрт дээр үеэс эхлэн өрхийн  болон эмчилгээний зориултаар  хэрэглэж ирсэн аж. 

Тэгвэл Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 30 орчим хувийг зэс бүрдүүлдэг бөгөөд стратегийн ач холбогдолтой металл юм.

БНХАУ-ын зэсийн эрэлт 2000-2009 онд жилд дундажаар 15.2%-иар өсч өсөлтийн оргил үедээ хүрсэн бол 2010-2019 онд жилд дундажаар 5.8%-иар өсч, жилийн нийт эрэлтийн хэмжээ 13.9 сая тн байв. Тус улсын зэсийн эрэлтэд нөлөөлж буй гол хүчин зүйлүүдэд хотжилт, хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэглээ, эрчим хүчний дэд бүтцийн сайжруулалт, барилга, автомашины салбарын эрэлт зэрэгтэй холбоотой юм.

Дэлхийн нийт зэсийн зах зээлийн хоёрдогч тоглогч бол Япон улс. Тэнд нийт эрэлтийн 4.09%-ийг бий болгодог байна. Харин тивээр нь авч үзэхэд Европын холбооны орнууд 15.28%, Хятад, Японоос бусад Азийн орнууд 11.67%, Хойд Америк 10.25%-ийг эзэлж томоохон хэрэглэгч болж байна.

Харин ерөнхий дүнгээр нь авч үзэхэд Азийн зах зээл нийт эрэлтийн 66.75%-ийг бий болгож байгаа нь аж үйлдвэрийн хөгжил, эдийн засгийн өсөлттэй холбоотой гэж үзэж буй.

Нийт зэсийн:

  • 28% тус бүр барилга, цахилгаан сүлжээнд,
  • 21% хэрэглээний бараа,
  • 12% тээвэр,
  • 11% аж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн эрэлт эзэлж байна.