Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Г.Батцэнгэл: Хуульд оруулсан хатуу зохицуулалтыг өөрчлөх нь зүйтэй

Д.Оюун

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжих зэрэг суурь бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдлийн талаар ярилцсан байна. Энэ үеэр Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “Уул уурхайн уртын ээлжийн зохицуулалтыг Хөдөлмөрийн хуульд 14:14 гэж тусгасан байгаа. Энэ нь зөвхөн манай салбарт төдийгүй бусад газруудад ч хэд хэдэн асуудлыг дагуулж байна. Хэдийгээр ажилгүйдэл их байгаа гэдэг ч манай улс боловсон хүчний томоохон асуудалтай тулгарч байна. Манай салбар бусдаасаа боловсон хүчнээ татдаг урсгалтай байсан. Гэтэл 14:14 гэдэг тоо ажиллах хүчээ байгаагаасаа хэд дахин нэмэгдүүлэхээс өөр гарцгүй байдал хүргэсэн.

Нөгөөтэйгүүр хуулийг батлахдаа уурхайчид ар гэртээ цаг зарцуулах боломжийг бүрдүүлж байна гэж сайн талаас нь ойлгож хүлээж авсан. Гэтэл бодит байдлыг харвал амралтын хугацаагаа давхар ажил хийх зэргээр огт амралтгүйгээр ажилладаг болж байна. Энэ нь үнэн хэрэгтээ хөдөлмөрийн аюулгүй байдалд нөлөөлж байна. Түүнээс гадна энэ зохицуулалт ажил олгогч, ажилтан хоёрыг үл ойлголцох байдалд хүргэж байна. Учир нь хөдөлмөрийн хөлсийг нь тооцохдоо хуулийн дагуу 168 цагаар бодох гэтэл ажилласан цаг нь хүрэхгүй болохоор цалингаа тооцох аргачлалын асуудал гарч ирнэ. Тэгэхээр Уул уурхайн ассоциаци гурван талт хэлэлцээрт оролцож бодит байдлын талаар ярилцах шаардлага үүсч байна.

Тиймээс хуульд оруулсан хатуу зохицуулалтыг өөрчлөх нь зүйтэй. Ингэхдээ ажилтан, ажил олгогч хоорондын зөвшилцөл болоод гэрээнд тусгаснаар шийдвэрлэх хэрэгтэй гэдэг санал оруулсан байгаа” хэмээн уулзалтын үеэр ярьж байлаа. Дашрамд дурдахад “Энержи ресурс” компани өчигдөр Тавантолгой ордын Ухаа худагийн уурхайн ачилтын талбайгаас Ханги чиглэлд баяжуулсан коксжих нүүрсний анхны шууд ачилтыг хийжээ.

Уулзалтын үеэр хэлсэн үгнээс нь зарим зүйлийг онцолвол:

Нэгдүгээрт, байгаль орчны баримт бичгийн баталгаажуулалт буюу орон нутгийн иргэдийн зөрүүтэй ойлголт, эсэргүүцэл нь уул уурхайн салбарт хүндрэл үүсгэдэг.

Хоёрдугаарт, тусгай ачаа бараа буюу тэсрэх бодисын хадгалалт, тээвэрлэлтийн асуудал байна.

Гуравдугаарт, Ерөнхий сайдын дэргэдэх хорт болон аюултай бодисын зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Дөрөвдүгээрт, АМНАТ-ийг тооцоолох жишиг үнээс болж олоогүй орлогод үндэслэсэн татварын хүндрэл нь хувийн хэвшилд дарамт үүсгэдэг. Энэ нь төр, хувийн хэвшлийн хооронд маргаан үүсгэж байна.

Тавдугаарт, уул уурхайн салбарын дэд бүтцийн асуудлыг төр, хувийн хэвшлийнхэн ярилцаж шийдмээр байна.