“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Засгийн газрын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй албаныхан тус байгууллагад ажиллаж, сэтгүүлчдэд мэдээлэл хүргэлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Монгол ХХК”-д хийгдсэн дүрмийн өөрчлөлтийн хэрэгжилт, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор иргэдийг сонгон шалгаруулж, компанийн хүний нөөцийг хэрхэн бүрдүүлсэн, ямар баг бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаатай нь танилцах зорилгоор өнөөдөр тус байгууллагад ажиллалаа. Түүнчлэн, Засгийн газраас төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Уг ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа 39 компанийн үйл ажиллагааг сайжруулах, төсвийн үр ашигтай зарцуулалтыг нь нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцлаа” гэсэн юм.
Мөн тэрбээр “Эрдэнэс Монгол” ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 30 хүртэл “Гашуун сухайт” автозам компанийн зам ашиглуулсны түрээсийн орлогоороо л санхүүждэг байсан. Харин дүрмийн өөрчлөлт хийгдсэнээр 2023 оноос эхлэн багадаа 200 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлж, түүгээрээ Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, олон улсын хөрөнгө оруулалт босгох, төсөл хэрэгжүүлэх боломжтой компани болсон” гэж онцлон тэмдэглэв.
Үүний дараа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт сэтгүүлчдэд хандан шинэ бүтэц бүрэлдэхүүнээр хүний нөөцөө бүрдүүлснээс хойш хэрэгжүүлж буй онцлох үйл ажиллагаануудаасаа дурдлаа. Ялангуяа төсвийн зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талд хийж байгаа ажлуудаасаа онцолсон.
Эх сурвалж: "Эрдэнэс Монгол" ХХК