Д.Оюунчимэг
Азийн хөгжлийн банк “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн энэ оны анхны тайлангаа танилцууллаа. Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 5.4 хувьд хүрч, ирэх жил хурдсах хүлээлттэй байна хэмээн онцолсон юм.
Тайланд дурдсанаар бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн сэргэлт харьцангүй сайжирч буйг тэмдэглэсэн бол дундаж инфляцийн түвшин өнгөрсөн оноос алгуур буурах дүгнэлт гарчээ.
Манай улсын эдийн засаг 2019 онд худалдааны дайны нөлөөгөөр агшилт үзүүлж байсан бол 2020 оноос цар тахлын үеийн хямрал үргэлжилж өнгөрсөн онд геополитик, ковидын нөлөө сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн. Энэ жилээс цар тахлын эрсдэл хэдийгээр буурч байгаа ч геополитикийн эрсдэл үргэлжилж байна. түүнчлэн АНУ-ын банкны системийн “донсолгоо” гадаад эрсдэлийн нөлөө болж байна.
Түүнчлэн гадаад санхүүжилтийн нөхцөл 2019 онд чангарч байснаа алгуур зөөлөрч 2020, 2021 онд хэвээр хадгалагдсан. Харин өнгөрсөн оноос мөнгөний бодлого огцом чангарч энэ нөхцөл байдал энэ жилдээ үргэлжлэх төлөв ажиглагдаж байна гэдгийг тус тайланд дурджээ. Энэ нь гадаад валютаар эх үүсвэр татдаг гадаад санхүүжилт босгох шаардлагатай улс орнууд болон хувийн хэвшилд сөрөг үр дагавар үүсгэнэ.
Манай улсын хувьд урд хөрштэй хиллэдэг бөгөөд боомтын хаалттай байх нөхцөл байдал эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлөх гол үзүүлэлт болж байгаа юм. Өнгөрсөн 2020 оноос хаалттай, хязгаарлалттай байх хугацааны үйл явц үүнийг бэлхнээ харуулж байна.
Монгол Улсын эдийн засаг экспорт, уул уурхайн салбарын сэргэлт, түүний тээвэр болон бусад салбаруудад үзүүлж буй эерэг нөлөөгөөр 2022 оны 4.8 хувийн өсөлтөөс сэргэж, энэ жил 5.4 хувь, ирэх онд 6.1 хувиар тус тус өсөх төлөв ажиглагдаж байгааг “Азийн хөгжлийн төлөв” тайланд дурджээ.
“КОВИД-19 цар тахал, БНХАУ-тай хиллэдэг худалдааны боомтууд дахь хязгаарлалтууд, Украин дахь Оросын Холбооны Улс (ОХУ)-ын халдлага зэрэг гадаад орчны сөрөг нөлөө, цочролын улмаас Монгол Улсын эдийн засагт өнгөрсөн гурван жилийн турш хүндрэл бий болсон. Гэвч экспортын эрэлт сэргэж хямралын эсрэг хэрэгжүүлсэн бодлогын хариу арга хэмжээний нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг сэргэх төлөв ажиглагдаж байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран хэллээ.
Гэхдээ эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгохын тулд өсөлтийн түвшинг хадгалах шаардлагатай. Үүний тулд өндөр инфляцийг бууруулах хэрэгтэйг тэрбээр санууллаа.
Монгол Улсын ойрын хугацааны бодлогын зорилтууд нь экспортыг нэмэгдүүлэх, инфляцийг бууруулах, төсөв, мөнгө, макро зохистой бодлогоор макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэх учиртай. Түүнчлэн, нийт хуримтлалыг нэмэгдүүлж эдийн засгийн дархлааг сайжруулах зорилгоор улсын секторын удирдлага болон санхүүгийн салбарт бүтцийн шинэчлэл хийх нь нэн чухал байгааг мөн энэ үеэр онцлов.
“Монголын эдийн засгийн тухайд өнгөрсөн жилүүдэд гадаад гол эрсдлүүд огцом өөрчлөгдлөө. Худалдааны дайн, цар тахал, геополитикийн гээд он дараалласан эрсдэл гарч ирлээ. Хятадын тухайд хил гаалийн асуудал зөөлөрч эдийн засагт эерэг нөлөөлж байгаа. Бизнесийн хүлээлт, эдийн засагт итгэх итгэлийг нэмж байгаа ч эдийн засаг шууд сайжирна гэж хэлэхэд хэцүү. Сорилт их бий. Өндөр инфляц, гадаад валютын орох урсгал нэмэгдэх үү гэх мэт асуудал байна. Өнгөрсөн жилийн 4.8 хувийн өсөлт хангалттай өсөлт биш” хэмээн Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч С.Болд хэлсэн юм.
Уул уурхай, барилга, тээврийн салбар нийт хөдөлмөрийн зах зээл дээр ажиллагсдын 17 хувийг бүрдүүлдэг. Энэ үзүүлэлтийг харахад цар тахлын өмнөх төвшнөөс 19-22 хувиар доогуур байна. Тэгэхээр ковидын өмнөх үедээ ирсэн гэхэд хэцүү. Цар тахлын хэцүү нөлөөнөөс дөнгөж л өндийж байна гэдгийг тэрбээр онцолж байлаа.