Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Ж.Ганбат: "Эрдэнэс Тавантолгой" ХК  ирэх гурван улиралд 30 сая тонн нүүрс экспортлохыг зорьж байна


А.Халиун

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат болон Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу нар өнөөдөр /2023.04.05/ мэдээлэл хийлээ.
Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой компанид 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр онцгой дэглэм тогтоож, Ж.Ганбат бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон.


Ж.Ганбат, Таван сарын хугацаанд 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрс борлууллаа. Онцгой дэглэм тогтоохоос өмнөхтэй харьцуулахад борлуулалтыг 4.1 дахин, тээврийг 3.9 дахин, экспортыг хоёр дахин, орлогыг 3.9 дахин, олборлолтыг 2.7 дахин нэмэгдүүллээ.
2023 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөг хүртэл 7.5 сая тонн нүүрсийг 765.2 сая ам.доллараар борлуууллаа. Үүнээс 416 мянган тонн нүүрсийг долоон удаагийн арилжаагаар Хөрөнгийг биржид цахимаар арилжсан. Биржээр анх удаа 200 мянган тонн эрчим хүчний нүүрсийг тонн тутамд 70 гаруй ам.доллараар арилжаалсан. Эрчим хүчний нүүрс өмнө нь 9-10 ам.доллараар зарагддаг байв.

Мөн сайн чанарыг коксжсон нүүрсийг 100-115 доллараар зардаг байсан бол 180 гаруй ам.доллараар арилжаалсан. Ингэснээр нийт 416 мянган тонн нүүрснээс Монгол Улсад 20.9 сая ам.долларын орлого нэмж орууллаа.

Компанийн хувьд 603 сая ам.долларын өр төлбөрийг үе шаттай барагдуулсаар одоогоор 180 орчим мянган долларын өр үлдээд байна.

2023 оны нэгдүгээр улиралд 7.5 сая тонн нүүрс борлуулсан гүйцэтгэлдээ дүгнэлт хийж, үлдсэн хугацаанд 30 орчим сая тонн нүүрс борлуулах зорилт тавин ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан нүүрс олборлолтын ажилд онцгой анхаарал хандуулан ажлаа үргэлжлүүлж байна гэлээ.