Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Ж.Тана:  Ерөнхий сайдын урилгаар ирж, эх орондоо ажиллах болсондоо баяртай байна

А.Халиун

“Оюу Толгой”-н ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.  Засгийн газрын өнөөдрийн /2023.04.19/ хуралдаанаар “Оюу Толгой”-н Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Жамбалдоржийн Таныг томилжээ.

Ж.Тана нь Ерөнхий сайдын урилгаар Монгол Улсдаа ирж ажиллаж буй аж. Монголд ирэхийн өмнө олон улсын хөрөнгө оруулалтын компани болох МкКензийн Казахстан улс дахь салбарт хөрөнгө оруулалтын менежерээр ажиллаж байжээ.  

Тэрбээр АНУ-ын Юта мужид бүрэн дунд сургуулиа дүүргэж, Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн Ази судлалын мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Оксфордын их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.  

Рио Тинто, МкКензи зэрэг олон улсын хөрөнгө оруулалтын компаниудад мэргэжлээрээ ажиллаж байсан Монгол Улсаас олон улсын тавцанд ажиллаж буй залуу үеийн төлөөлөл юм. 

Дэлхийд нэг, хоёрдугаарт эрэмбэлэгдэх их сургуулиудад амжилттай суралцаж төгссөн мэдлэг боловсролтой залуусыг Монгол Улсдаа урьж ажиллуулах, тэдний мэдлэг боловсролыг улсынхаа хөгжилд зориулахыг хүсэж Ерөнхий сайд урьжээ.

Д.Амарбаясгалан, Ж.Тана Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын урилгаар ирж, эх орондоо ажиллах болсондоо баяртай буйгаа илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын баялгийн сан, хөгжлийн сангуудын хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлд Ж.Тана мэдлэг туршлагаа зориулах зорилготой ажиллаж байна гэв.