Манай өмнөд хөрш БНХАУ аж үйлдвэрлэлийн зах зээл дэх хамгийн том тоглогчдын нэг бөгөөд үйлдвэрлэлтэй холбоотойгоор нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлсээр буй юм. Эрчим хүч, эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч болон “мандаж явсан” нүүрс өнөөдөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн гол буруутан, хамгийн их бохирдуулагч болж хувирав.
Дэлхий нийтээр ногоон эрчим хүч, ногоон эдийн засаг руу шилжиж, олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагууд нүүрсээр ажилладаг цахилгаан, дулааны станцуудад хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ хэдийнэ зарлалаа. Ногоон эрчим хүч, эдийн засагт шилжих дэлхийн чиг хандлагыг БНХАУ ч тойрохгүй гэдгээ илэрхийлсэн билээ.
Инфографикт БНХАУ-ын нүүрсний зах зээлийн төлөвийг үзүүлсэн бөгөөд тус улс 2019 оноос эхлэн жилд 3.9-4.3 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Хятадын нүүрсний хэрэглээ алсдаа буурах боловч цахилгаан машин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх зэрэг том амбийцтай холбоотойгоор нүүрсний хэрэглээ ойрын жилүүдэд огцом буурахгүй гэх төсөөлөл гарсан нь монголчууд бидний хувьд сайн мэдээ.
БНХАУ-ын эрчим хүчний болон коксжих нүүрсний хэрэглээ 2030-2060 онд огцом өсөж, жилд дунджаар 6 тэрбум тоннд хүрнэ гэж Sinopec мэдээлжээ. Урд хөршийн эрчим хүчний нүүрсний хэрэглээ жил ирэх тусам буурч буй бөгөөд энэ үзүүлэлт 2010 онд 70 хувь байсан бол 2020 онд 59 гэх мэтээр багассаар 2060 онд 8 хувьд хүргэж, хэрэглээнээс халж байгааг графикт үзүүлснийг та харж байна.
Монгол Улсын эдийн засгийн 93 хувийг уул уурхай эзэлдэг. Уул уурхайн бүтээгдэхүүн дотроо 2023 оны эхний улиралд нүүрс олборлолт 16.9 сая тонныг давж, экспорт 13.8 сая тоннд хүрэв. Энэ үзүүүлэлт нь улс орны эдийн засагт эергээр нөлөөлж, 2023 оны эхний улиралд Монгол Улсын эдийн засаг 7.9 хувьд хүрч, Азидаа тэргүүллээ.
Нүүрсний ачаар 2023 оны I улиралд улсын төсөв 1.7 их наяд төгрөгийн ашигтай гарсныг Ерөнхий сайд УИХ-ын чуулганы танхимд онцлон тэмдэглэж, улсын төсөвт тодотгол хийх замаар хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэрээ УИХ-аар өнөөдөр /2023.06.09/ хэлэлцүүлж байна.
А.Халиун