Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

2035 он хүртэл дэлхийн зах зээл дээр зэсийн эрэлт өндөр хэвээр байна

А.Халиун

Цахилгаан машины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр зэсийн эрэлт нийлүүлэлтээ давах төлөвтэйг S&P Global-аас гаргажээ.

Монгол Улсын хувьд бүрэн хүчин чадлаараа ажиллавал дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх Оюу Толгойн гүний уурхайн олборлолт өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн.

Оюу Толгойн Гүний уурхайн олборлолт  эхлэх үед төслийн гүйцэтгэл 83 хувьтай байв. Жил хагасын дотор 100 хувьд хүргэнэ хэмээн төлөвлөж буйгаа “Рио Тинто”  группийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Б.Болд тодотгосон.

Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн тэргүүлэгч зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа тавих бөгөөд үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 6 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэх  хэмжээний зэс нийлүүлэгч болно гэж мэдээлж байв.

Тус уурхайн олборлолт сар тутам нэмэгдэж байгаа энэ цаг үед зэсийн эрэлт өндөр байх нь  монголчууд бидний хувьд сайн мэдээ. Урд хөрш БНХАУ дэлхийн зэсийн 54 хувийг дангаараа үйлдвэрлэдэг зэсийн хамгийн том үйлдвэрлэгч, хэрэглэгч юм. Манай улсын хувьд хэрэглэгч зах зээлтэйгээ хил залгаа оршдог нь бидэнд мөн л давуу тал болно.

2022 оны судалгаагаар дэлхий дахинд жилд 25.3 сая тонн зэс үйлдвэрлэж байгаагийн:

-13.8 орчим сая тонн буюу 54 хувийг БНХАУ,

-1.8 сая тонныг АНУ

-1 сая тонныг ХБНГУ,

-977 мянган тонныг Япон

-644 мянган тонныг БНСУ үйлдвэрлэж байна.