Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Францын Гадаад хэргийн сайд  Кэтрин Колонна Монголд айлчилна


Ч.Сансар

Францын Гадаад хэргийн сайд Кэтрин Колонна цөмийн эрчим хүчний "Орано" группын хэрэгжүүлэх нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалттай ураны хэлэлцээрийг дэмжих зорилготой Монгол Улсад хийх айлчлалаа ирэх лхагва гарагт  хийхээр төлөвлөж байна.  Уран олборлолт явуулах энэхүү Хөрөнгө оруулалтын  хэлэлцээр ирэх намар байгуулагдах урьдчилсан тов гарсан  гэж Францын дипломат эх сурвалж хэллээ.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн тавдугаар сард Японд болсон “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын дараа буцах замдаа Улаанбаатарт бууж, хоёр улс Монголоос чухал металл нийлүүлэх замаар Францын эрчим хүчний бүрэн эрхт байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо гэж мэдэгдсэн билээ.

Францын дипломат албаны эх сурвалж Колоннагийн айлчлалын өмнө “Монгол Улс нөөц баялаг ихтэй ч  хайгуул судалгаа хийж, хангалттай ашиглаж чадахгүй байна” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Нэг тэрбум гаруй  евро (1.1 тэрбум доллар)-гийн  өртөгтэй томоохон төсөл нь  “Орано” компанийн Монголд хэрэгжүүлж буй ураны төсөл юм. Энэхүү төсөл  амжилттай хэрэгжиж  байгаа бөгөөд ирэх намар Хөрөнгө оруулалтын  гэрээ хэлэлцээрээ албажуулах төлөвтэй байна" гэж эх сурвалж мэдэгдлээ.

“Орано” компанийн цахим хуудсанд мэдээлснээр тус компани болон түүний түнш Монголын төрийн өмчит “Мон-Атом” компани Монголын Засгийн газартай “Зөөвч овоо” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар ажиллаж  байна. 

“Зөөвч овоо” төслийн хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд “Эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин, нийгмийн хариуцлага бүхий хамгийн өндөр стандартыг мөрддөг  Монголын анхны ураны уурхайг байгуулах зорилготой гэдгийг “Орано” компани “Ройтерс” агентлагт цахим шуудангаар мэдээллээ.

Канад, Казахстан, Нигерт ураны уурхай ажиллуулдаг, ураны томоохон үйлдвэрлэгч “Орано” групп  Монголд 20 гаруй жил ураны хайгуулын үйл ажиллагаа явуулж байна. 

Монголын эрдэс баялгийн нийт экспортын бараг 80 орчим хувь нь Хятад руу гардаг. Тус улс хоёр том хөрш Хятад, Оросоос гадна бусад улсуудтай худалдаа, уул уурхайн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, Европ, Азийг холбох гүүр болохыг зорьж байна.
Монголд газрын ховор элементийн томоохон орд олон байдаг. “Бид нөөцөө тогтоох, хайгуулын ажиллагааг хамтран зохион байгуулахын тулд ямар алхам хийхээ тодорхойлох зорилготой.” гэж дипломат эх сурвалж хэлэв.

Эх сурвалж: mining.com