Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэг, Хятад  дэлхийн алтны эрэлтийн  50%-ийг бүрдүүлж байна



Ч.Сансар

Дэлхийн алтны зөвлөл 30 жилийн өмнө алтны эрэлтийн хандлагын тухай анхны тайлангаа нийтлэх үед Азийн эрэлт дэлхийн нийт эрэлтийн 45%-ийг эзэлж байсан. Өнөөдөр Азийн эзлэх хувь дэлхийн алтны эрэлтийн 60%-д дөхөж байна.

Хятад, Энэтхэг хоёр алтны эрэлтийг Зүүн Ази руу чиглүүлж байна. Дэлхийн алтны зөвлөл хоёр улсыг алтны "супер хэрэглэгчид" гэж тодорхойлсон. 30 жилийн өмнө Хятад, Энэтхэг улсууд нийлээд дэлхийн алтны эрэлтийн 20 орчим хувийг эзэлдэг байсан. Өнөөдөр энэ хоёр улс нийт алтны эрэлтийн бараг 50%-ийг бүрдүүлж байна.

1990-ээд оны дунд үеэс Энэтхэгийн Засгийн газар алтны бодлогоо өөрчилж, зах зээлээ нээсэн. Энэ үеэс Энэтхэгийн алтны төлөөх “хувьсгал” эхэлсэн. 1992 онд Энэтхэгийн алтны хэрэгцээ 340 тонн байсан бол 2022 онд хоёр дахин нэмэгдэж, 742 тонн болжээ. Энэтхэг одоо алтны хэрэглээгээр Хятадын дараа буюу дэлхийд хоёрдугаарт   ордог.

Энэтхэгт алт бол тансаг хэрэглээ биш. Азид ядуу хүмүүс хүртэл алт худалдан авдаг. 2018 оны ICE 360 судалгаагаар Энэтхэгт хоёр өрхийн нэг нь сүүлийн таван жилд тодорхой хэмжээний алт худалдан авсан байна. Улсын хэмжээнд нийт өрхийн 87% нь тодорхой хэмжээнд шар металл эзэмшдэг. Энэтхэгийн хамгийн бага орлоготой өрхүүд ч гэсэн тодорхой хэмжээний алт эзэмшдэг. Судалгаанаас харахад хамгийн бага орлоготой 10% өрхийн 75 гаруй хувь нь алт худалдан авсан байна.

Энэтхэгчүүд алт худалдан авч хадгалдаг уламжлалтай. Энэтхэгийн айл өрхүүд нийлээд 25,000 тонн алт эзэмшдэг гэсэн тооцоо байдаг. Энэтхэгт алтны маш том хар захтай ажилладаг учир бодит тоо нь илүү их байх магадлал өндөр. 
Хятадад ч үүнтэй төстэй уламжлал, түүхтэй. 1900-гаад оны сүүлийн хагаст Хятадын иргэд алт худалдан авах хориотой байсан. Засгийн газар 1990-ээд онд хязгаарлалтуудаа сулруулж, 2002 онд Шанхайн алтны бирж байгуулагдсан. Хоёр жилийн дотор зах зээл бүрэн либералчлагдсан байна.

Хятадын жилийн алтны хэрэглээ 1990-ээд оны эхээр 375 гаруй тонн байсан бол 2013 онд тав дахин нэмэгдэж, 1347 тонн буюу дээд амжилт тогтоосон. Тэр цагаас хойш Хятад дэлхийн хамгийн том алтны хэрэглэгч улс болсон аж.
Эдийн засгийн өсөлт Азийн алтны эрэлтийг нэмэгдэхэд голлон нөлөөлжээ. “Эрэлт ийнхүү өссөн нь зөвхөн алт худалдан авах эрхээ эдэлж байгаа хятадуудын хандлага биш. Энд эдийн засгийн өсөлт, хотжилт, дотоодод хөрөнгө оруулах боломжууд хязгаарлагдмал байгаа нь нөлөөлсөн” гэж Дэлхийн алтны зөвлөл тайлбарлалаа.

Турк, Тайланд, Саудын Араб ч сүүлийн жилүүдэд алтны импортоо нэмсэн байна.
Мөн сүүлийн жилүүдэд Төв банкны алт худалдан авалт Ази тив рүү шилжиж байна. Алтны хамгийн том худалдан авагч  бүгд Ази тивд байдаг. Алтны нөөцөө тогтмол нэмэгдүүлж байгаа улс орнуудад Хятад, Энэтхэг, Турк, Сингапур зэрэг улсууд орно.

Bloomberg-ийн 2022 оны намрын тайланд "Шанхайн алтны зах зээл эсвэл Истанбулын Гранд Базар дээр худалдах зорилгоор их хэмжээний алтыг Нью-Йорк зэрэг санхүүгийн төвүүдийн агуулахуудаас тээвэрлэж байна." гэж бичиж байж.

Ази дахь олон сая хүмүүсийн хувьд алт бол "хадгаламжийн үндсэн хэлбэр" юм. Барууны орнуудад санхүүгийн систем нь олон арван жилийн өмнө хөгжсөн учир иргэд өдөр тутмын амьдралдаа алт хэрэглэхээ больсон. Баруунд хүмүүс эдийн засгийн тогтвортой үед алтыг биет хэлбэрээр бараг эзэмшдэггүй. Харин Азийн ард иргэд нь алтны талаар өөр бодолтой байдаг. Азиуд олон үеэр алтыг худалдан авч, хадгалж ирсэн. Тиймээс ийм мэдлэгтэй иргэд байхад алт худалдан авах чадвараа хэзээ ч алдахгүй.

Эх сурвалж: oilprice.com