Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Цахилгаан машины батарейны бүх үзүүлэлтийг нэмэгдүүллээ хэмээн Тоёота мэдэгдлээ


Ч.Сансар

Toyota Motor Corp (NYSE: TM) 7 дугаар сарын 4-нд батарейны жин, хэмжээ, үнийг хоёр дахин бууруулах боломжтой технологи  нэвтрүүллээ хэмээн мэдэгдэв. 

Тоёота компани батарейнд ашигладаг материалын үйлдвэрлэлийг боловсронгуй болгосноор цэнэглэх хугацаа багасах, нэг цэнэгээр явах зайг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломж үүссэн гэж Financial Times мэдээлэв.

"Манай одоогийн батарейнууд хэтэрхий овор ихтэй, хүнд, өндөр үнэтэй тул энэ байдлыг эрс өөрчлөх зорилготой байна" гэж Тоёота компанийн судалгаа хөгжлийн төвийн ерөнхийлөгч Кейжи Кайта "Financial Times"-д  хэлснийг иш татжээ. “Бид бүх үзүүлэлтүүдээ хоёр дахин сайжруулахыг зорьж байна.”

Тоёота компани гурван жилийн өмнө батарейг урт хугацаанд ашиглах   шийдлийг олсон бөгөөд  2028 онд хатуу төлөвт батарейг олноор үйлдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна гэж Кайта хэлжээ.

Уг тайланд, энэхүү "технологийн нээлт"-ийн үр дүнд цахилгаан машин 1200 км замыг туулж, 10 минутын дотор цэнэглэх боломжтой болно гэжээ.

Хатуу төлөвт батарейн энэхүү технологи  цахилгаан автомашины салбарыг бүрэн өөрчилнө  гэж олон нийт үздэг. Энэхүү технологи нь цэнэглэх хугацааг багасгах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, галын эрсдлийг бууруулах чадвартай.

Тоёотагийн хувьцаа өнгөрсөн сард хатуу төлөвт батарейны төлөвлөгөөгөө зарласнаас хойш 13%-иар өслөө.

Тоёота компани энэ технологийг цахилгаан батарейны төгс шийдэл гэж үзэхгүй байна гэж Технологийн захирал Хироки Накажима анхаарууллаа. Шингэн төлөвт батарейг сайжруулах боломжууд байгаа. Дэлхийн цахилгаан батарей үйлдвэрлэгчид автомашинд нэмүү өртөг шингээх,   хэмжээ, хүчин чадал, ашиглалтыг оновчтой болгох чиглэлээр цаашид ч өрсөлдөх болно.

Эх сурвалж: Investing.com