Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

С.Бямбацогт: Авто замын босоо 5 коридортой болохоор төлөвлөж байна

Х.Болор

Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум өнөөдөр эхэллээ. “Бүсийн тээвэр, ложистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт энэ арга хэмжээг нээж, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт илтгэлээ танилцууллаа.

Тэрээр “Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон түүний эхний үе шат болох “Шинэ сэргэлт”-ийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ачаа тээврийн урсгалыг сайжруулж, Ази, Европыг холбосон транзит тээврийн дэд бүтэц хөгжүүлэх суурь нөхцөл бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн. Зорилтуудаа үр дүнтэй, хурдтай, чанартай, цаг алдалгүй хэрэгжүүлэхэд онцгой анхаарч байна. Үүний үр дүнд Монгол Улс Дэлхийн банкнаас гаргасан Ложистикийн индексээр 33 байраар урагшилж, 97 дугаар байрт орсон. Цаашид Ази, Европыг холбосон транзит улс болохыг зорьж байна. 2022 онд зөвхөн Европын холбоо болон БНХАУ-ын худалдааны эргэлт 850 тэрбум ам.долларт хүрсэн бол БНХАУ, ОХУ-ын худалдаа 190 тэрбум ам.долларт хүрч 34 хувиар өссөн. Энэ бүх өсөлт Монгол Улсын хувьд хилийн боомтуудаа төмөр зам болон хатуу хучилттай авто замаар бүрэн холбож, тээвэр ложистикийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, бүс нутгийн хэмжээнд ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох зорилтоо хэрэгжүүлэх нэгэн чухал шалтгаан болж байгааг онцлон тэмдэглэе.

Засгийн газар хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн терминалуудыг байгуулахад онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд Гашуунсухайт боомтод жилд 10 сая тн нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ашиглалтад орууллаа. Мөн тус боомтод жолоочгүй автомат удирдлагатай AGV тээвэр нэвтрүүлж, өдөрт 320 гаруй чингэлэг ачаа экспортолж байна. Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминал шинээр ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.

Олон улсын хуурай боомтын конвенцын Монгол Улс нэгдэн орсон. Энэ хүрээнд Замын-Үүд, Улаанбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ховд, Чойбалсан, Сайншанд, Бичигт гэсэн цэгүүдэд хуурай боомт байгуулж, экспорт, импортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр Дэлхийн банк, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран судалгаа, ТЭЗҮ боловсруулж эхлээд байна. Энэ бүхний үр дүнд эдийн засаг тэлж, экспортын хэмжээ нэмэгдэн, импортын тээвэрлэлт хурдсаж, тээврийн болон бараа бүтээгдэхүүний үнэ хямдран, аялал жуулчлал хөгжих бодит үр дүн гарлаа.

Монгол Улс олон улсын болон улсын чанартай нийт 14,920 км авто замтай. Цар тахлын өмнө манай улсын олон улсын болон улсын чанартай авто замд эзлэх хатуу хучилттай авто замын хэмжээ 6900 км байсан бол 2023 оны эцэс гэхэд 8100 км хатуу хучилттай авто замтай болохоор байна. Орос-Хятадыг хатуу хучилттай авто замаар холбосон Азийн авто замын сүлжээний АН-4 замын Монгол Улсын баруун бүсээр дайран өнгөрсөн баруун босоо тэнхлэгийн 745 км замыг ашиглалтад бүрэн оруулж, Ази Европыг холбосон авто замын 2 дахь коридороо нээлээ.

Цаашид бид “Шинэ сэргэлтийн 5 тойрог” хөтөлбөр хэрэгжүүлж, урд, хойд хөрш, Ази, Европыг холбосон авто замын босоо 5 коридортой болохоор төлөвлөж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Бага-Илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын 3 шинэ коридор нэмж байгуулна. Харин хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн 2 коридортой болох юм. Энэ хүрээнд Чойрыг Мандалговьтой, Мандалговийг Арвайхээртэй, Чойбалсанг Баруун-Урттай, Алтайг-Улиастайтай, Ховдыг Улаангомтой, Өлгийг Улаангомтой, Улиастайг Мөрөнтэй, Мөрөнг Цэцэрлэгтэй, Улиастайг Ховдтой гэх мэтээр аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбосон хатуу хучилттай авто зам барина.

 

 

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй “Шинэ тойрог зам” төслийн урд хэсэг “Туулын авто зам” -ын ажлыг 2024 онд эхлүүлнэ. Мөн Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох Наадамчдын гудамжны 800 у/м гүүрэн байгууламжийн төслүүдийг хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхийг Та бүхэнд санал болгож байна.

​Монгол Улсын экспортын биет хэмжээ, бүс нутгийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг чиглэлийн 4 эгнээ, Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих, Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замыг 4 эгнээ болгож өргөтгөн шинэчлэх төслийг Та бүхэнд санал болгож байна” гэсэн юм.