Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын нефть хямдарч Ази, Африкийн импорт дээд хэмжээнд хүрлээ

 
Ч.Сансар


Ази, Африкийн орнуудын Оросоос хямд нефть худалдаж авах нь өнгөрсөн онд огцом өсч, нийт газрын тосны импорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ.

Европын Холбоо болон “Их Долоо”-гийн орнууд хориг арга хэмжээ авсаны дараа Орос өнгөрсөн жил нефтийн экспортын дийлэнх хэсгийг Ази, Африк руу чиглүүлж чадсан юм. 

2023 онд Европ руу чиглэсэн Оросын нефтийн экспорт зогссон бол Ази руу нийлүүлэх нефтийн хэмжээ 56%-иар, Африк руу 144%-иар өссөн гэж Ройтерс мэдээлэв.

Одоо Ази тив, ялангуяа Хятад, Энэтхэг  улсууд Оросын түүхий нефтийн гол худалдан авагч боллоо. Үүнээс гадна  Африкийн олон орон Оросын хямд нефтийг их хэмжээгээр импортолж эхэлсэн. Үүнд Гана, Ливи, Тунис, Того, Египет, Ливи, Марокко, Сенегал, мөн Африк дахь ОПЕК-ийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгч Нигери зэрэг улсууд багтаж байна.

Оросын нефтийн үнэ ийнхүү хямдарч Африк, Азийн орнууд нефть бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдан авах нь эрчимжсэн байна. Өнгөрсөн жилийн хугацаанд Оросын тэргүүн “Урал” маркийн нефть Dated Brent маркийн үнээс 20 орчим ам.доллараар хямдарсан.

БНХАУ-ын гаалийн мэдээллээр ОХУ өнгөрсөн онд Хятадад 107.02 сая тонн түүхий газрын тос борлуулж, Хятадын хамгийн том газрын тос нийлүүлэгч болж чадсан  байна. ОХУ-аас нийлүүлдэг нэг өдрийн импортын хэмжээ 2.14 сая баррельтэй тэнцэж байна. Харьцуулахад, Саудын Араб 2023 онд Хятад руу өдөрт дунджаар 1.7 сая баррель нефть экспортолсон.

Мөн Энэтхэгийн хувьд өнгөрсөн онд Орос улс хамгийн том нефтийн нийлүүлэгч болсон. Харин Европын нийт импортын хэмжээ 45%-иас 4-5% хүртэл буурчээ.

Хятад, Энэтхэг улсууд 2023 онд Оросын нефтийн экспортын 90 орчим хувийг бүрдүүлсэн байна.

Эх сурвалж: oilprice.com