Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Билл Гейтс, Жефф Безос нарын дэмжлэгтэй стартап компани Замбид томоохон хэмжээний зэсийн орд илрүүлжээ


Билл Гейтс, Жефф Безос зэрэг тэрбумтнуудын дэмждэг Калифорнид байрладаг уул уурхайн хайгуулын стартап компани KoBold Metals Замбид зэсийн асар том орд илрүүлснээ мэдэгдлээ.

Том хэмжээний зэсийн ордыг нээсэн нь дэлхийн эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай чухал металлын зах зээлд эерэг нөлөө үзүүлнэ. Зэс нь сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашинд ашиглагддаг тул эрэлт ихтэй байдаг.

Замби дахь энэхүү шинэ зэсийн төсөл нь "дэлхийн хамгийн өндөр агуулгатай томоохон зэсийн уурхайн нэг болно" гэж KoBold Metals компанийн хэвлэлийн төлөөлөгч 2 сарын 5-нд CNBC-д ярьжээ.

"Энэ орд нь хэмжээ, агуулгаараа Конго дахь Какула ордтой төстэй" гэж КоБолд Металл компанийн ерөнхийлөгч Жош Голдман мэдэгдэлдээ дурджээ. Камоа-Какула хэмээх аварга том зэсийн уурхай нь Замби улсын хойд хөрш Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад оршдог.

Тэрбумтан Роберт Фрийдландын үүсгэн байгуулсан Канадын уул уурхайн Айвенхоу Майнз компани Камоа-Какула зэсийн уурхайн бараг 40%-ийг эзэмшдэг. Камоа-Какулаг “Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй, хамгийн өндөр агуулгатай, нүүрстөрөгчийн агууламж багатай орд” гэж тус компани тодорхойлжээ. Өнгөрсөн онд тус уурхай 400 мянга орчим тонн зэс үйлдвэрлэсэн.

Замби бол Конго улсын дараа ордог Африкийн хоёр дахь том зэс олборлогч улс юм.

KoBold Metals компани зэс, лити, кобальт, никелийн шинэ ордуудыг нээхэд туслах зорилгоор дэлхийн царцдасын "Google Maps"-ийг бүтээхэд хиймэл оюун ухааныг ашигладаг гэжээ.

Энэхүү стартап компанид АНУ-ын венчур капиталын Andreessen Horowitz, Норвегийн эрчим хүчний Equinor, дэлхийн хамгийн том уул уурхайн BHP групп, 2015 онд Билл Гейтсийн үүсгэн байгуулсан Breakthrough Energy хэмээх уур амьсгал, технологийн сан зэрэг нөлөө бүхий компаниуд хөрөнгө оруулсан. Breakthrough Energy компанийн хөрөнгө оруулагчдын тоонд  Bridgewater Associates-ийн Рэй Далио, Виржин группын Ричард Брэнсон, Алибабагийн Жак Ма, Амазоны Жефф Безос нар ордог.

KoBold Metals 10 жилийн дотор Замбид зэс үйлдвэрлэж эхлэнэ гэж мэдэгдлээ.

Чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан дэлхийн өнөөгийн нийлүүлэлт эрчим хүчний салбарыг өөрчлөхөд шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байгааг Олон улсын эрчим хүчний агентлагаас анхаарууллаа.

Газрын ховор элементийн ихэнх нөөц нь Хятадад байдаг. Вьетнам, Бразил, Орос зэрэг улсууд газрын ховор элементийн нөөцийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг орнууд юм.

 

 

Линк: https://www.cnbc.com/2024/02/05/bill-gates-backed-miner-discovers-large-scale-copper-deposit-in-zambia.html              

Огноо: 2024/02/05

Эх сурвалж: cnbc.com