Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Монгол Улсад олон улсын Уул уурхайн ассоциацийн дугуй ширээний уулзалт болно

Exponor Chile 2024 олон улсын уул уурхай тэр дундаа зэсийн чуулга уулзалт Чили улсад болж байна. Энэ сарын 3-6-нд Чили улсын Анфтофагаста хотод болж буй арга хэмжээнд Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа оролцож байна.

Тэрбээр уг арга хэмжээг зохион байгуулж буй  Антофагаста Аж үйлдвэрийн ассоциацийн Зөвлөлийн дарга, зөвлөлийн гишүүд болон ерөнхий менежертэй уулзалт хийлээ. Уулзалтаар 10 дугаар сард болох Mining Week 2024, MinePro Mongolia 2024 арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уг холбоо нь 80 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй ажилтантай томоохон ассоциаци юм. Түүнчлэн 10 дугаар сарын 11-ны өдөр болох ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН АССОЦИАЦИУДЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ хамтран зохион байгуулахаар боллоо.

Ач холбогдлын хувьд өндөрт тооцогдох тус уулзалт дэлхийн уул уурхайн хөгжил, тэр дундаа Ази тив, Монголын уул уурхайн хөгжилд түлхэц болох, олон улсын тавцанд Монголын эрдэс баялгийн салбарыг авчрах томоохон арга хэмжээ болох юм.

Одоогийн байдлаар дугуй ширээний уулзалтад АНУ, Англи, Австрали, Канад, Чили, Вьетнам, БНСУ, Хятад улсын Уул уурхайн ассоциацийн ТУЗ-ын дарга, гүйцэтгэх захирлууд оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна.

Дашрамд дурдахад, Чили улсад зохион байгуулж буй Exponor Chile 2024 арга хэмжээнд 32 улс, 1146 оролцогч оролцсон байна.

Антофагаста хотод цугларсан үндэсний болон олон улсын зочдыг Антофагаста аж үйлдвэрийн холбооны ерөнхийлөгч Марко Размилич угтан авчээ. Тэрбээр "Умардын сувд"-д гарсан томоохон ахиц дэвшлийг онцолж, ирээдүйд 17 сая ам.долларын өртөгтэй сэргээгдэх эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтад тэргүүлэгч байр суурьтай оролцохоо илэрхийлэв. 

Мөн Чили дэх литийн гол үйлдвэрлэгч болох Салар де Атакама дахь цэвэршүүлсэн литийн үйлдвэрлэлийг 2025-2060 он хүртэл ашиглах төр, хувийн хэвшлийн түншлэлийн үе шат, эрх, үүрэг, нөхцөлийг нарийвчлан тодорхойлсон Codelco болон SQM-ийн хооронд байгуулсан түүхэн гэрээг дурдлаа.