Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Orano компани Нигер улс дахь ураны уурхайгаа алдах эрсдэлтэй тулгарч байна

Францын цөмийн Orano компанийн санал болгосон ураны ордыг хөгжүүлэх төлөвлөгөөг Нигер улс хүлээж аваагүйн улмаас тус компани уран олборлох эрхээ 6 дугаар сарын 19 гэхэд цуцлуулж магадгүй юм.

Orano компанийн эзэмшдэг Нигер дахь ураны ордыг Орос өөрийн мэдэлд авахыг эрмэлзэж байна гэж Bloomberg 6 дугаар сарын 3-нд мэдээлэв. Нигер улсад өнгөрсөн 7 дугаар сард болсон төрийн эргэлтээр Францын талыг баримтлагч ерөнхийлөгчийг огцруулсан нь Францаас хөндийрөх, Оростой харилцаагаа улам бэхжүүлэхэд хүргэлээ.

Orano компани Нигерт ураны Imouraren уурхайг ажиллуулж байгаа ч тус ордыг хөгжүүлэх төлөвлөгөө нь "эрх баригчдын хүлээлтэд нийцэхгүй байна" гэж Нигерийн уул уурхайн яам Bloomberg-т бичсэн захидалдаа дурджээ. "6 дугаар сарын 19-нд сүүлийн мэдэгдэл гарснаас хойш тус компанийн олборлох зөвшөөрлийг цуцална" гэж захидалд дурджээ.

Imouraren бол дэлхийн хамгийн том ураны ордуудын нэг бөгөөд 200 мянган тонн ураны нөөцтэй. Уг ордыг 2012 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч дэлхийн зах зээл дээрх ураны үнэ унаснаар үйл ажиллагаа хойшилсон. “Дэлхийн Цөмийн Холбоо” байгууллагаас мэдээлснээр 2022 онд Нигер улс дэлхийн ураны 4 орчим хувийг үйлдвэрлэж нийлүүлсэн байна.

Нигер улс Францын эрчим хүчний 65%-ийг хангадаг цөмийн реакторуудын ураны хэрэгцээний 15 орчим хувийг нийлүүлдэг гэж Le Monde сонинд мэдээлэв. Евроатом агентлагийн мэдээлснээр Европын Холбооны эрчим хүчний компаниуд 2022 онд нийт хэрэгцээт ураны дөрөвний нэг орчмыг Нигер улсаас авдаг байсан гэжээ.

Эх сурвалж: Mining.com