Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Ангол улсын критикал минерал боловсруулах, эрчим хүч экспортлох төлөвлөгөөг АНУ дэмжлээ

П.Жаргалсүрэн

Ангол улсыг газрын тосноос хараат байдлаа бууруулах, эдийн засгаа төрөлжүүлэх, критикал минерал боловсруулж, цэвэр эрчим хүч экспортолдог орон болох гэсэн хүчин чармайлтыг дэмжиж байна гэж АНУ-ын дээд албан тушаалтан мэдэгдэв.

Эрчим хүчний нөөцийн асуудал эрхэлсэн АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн дарга Жеффри Пятт 6 дугаар сарын 18-нд цахим хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Ангол болон АНУ цахилгаан эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэл, эрчим хүчний аюулгүй байдал, нүүрстөрөгчгүйжүүлэх, критикал минералын салбарыг хөгжүүлэх зэрэг асуудлаар ижил байр суурьтай байна" гэж мэдэгдэв.

Критикал минералын салбарт АНУ, Хятадын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж байгаа билээ. Тиймээс чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг төрөлжүүлэхийн тулд АНУ Ангол улсыг анхаарлын төвд оруулсан байна. АНУ-ын Экспорт-Импорт банк Анголын эрчим хүчний чадавхийг бэхжүүлэхийн тулд цэвэр эрчим хүчний төслүүдэд олон тэрбум долларын санхүүжилт хийсэн аж.

Жеффри Пятт өнгөрсөн долоо хоногт Анголын нийслэл Луанда хотод тус улсын газрын тос, эрчим хүчний сайд нартай уулзаж, Ангол улсыг Сахарын цөлөөс өмнө зүгт оршдог Африкийн орнуудад эрчим хүчний томоохон нийлүүлэгч болоход шаардлагатай цахилгаан дамжуулах сүлжээ байгуулах талаар ярилцжээ.

Ангол улс критикал минерал боловсруулах салбарыг хөгжүүлэх сонирхолтой байгаа. Мөн АНУ-аас зохион байгуулдаг “Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэлийн форум”-д үйлдвэрлэгч, худалдан авагч нар цугларч, АНУ, Европын Холбоо болон бусад орнуудаас төслийн санхүүжилт босгодог гэж тэрбээр хэллээ.

Эх сурвалж: mining.com