Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Аж үйлдвэрлэлийн хувьсгал өрнүүлж,  импортлогчоос үйлдвэрлэгч улс болъё


И.Отгонжаргал

Монгол Улс   уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийнхөө  эхэн үетэй зэргэцүүлээд шахуу 20 гаруй жилийн өмнөөс хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах асуудалд анхаарч, 2003 онд анх энэ чиглэлийн төрийн бодлоготой болж байсан түүхтэй. Зургаан жилийн дараа буюу 2009 онд Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахтай холбоотой  хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн хэдий ч хуулийн хэрэгжилт тун хангалтгүй явсаар ирлээ.  2019 оноос үйлдвэрлэл технологийн паркийн хууль эрх зүйн орчинг сайжруулахтай холбоотой асуудал хүчтэй яригдсаны үндсэн дээр Засгийн газраас 2022 оны 3 дугаар сард Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж, улмаар мөн оны 7 дугаар сард батлагдсан билээ. 

Байгалийн ухдаг баялаг болох уул уурхайн салбарын эрдэс түүхий эд болон ургадаг баялаг гэгддэг мал аж ахуйн салбарын түүхий эд бүтээгдэхүүнийг ямар ч боловсруулалтгүй түүхийгээр нь урд хөрш рүү зөөх биш, дотооддоо нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, илүүг нь экспортолж түүхий эдийн үнэ цэнийг өсгөж үр ашиг хүртэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Үйлдвэрлэл, технологийн паркийн хуулийг хоёр жилийн өмнө шинэчлэн найруулж баталсан юм. 

Өмнөх хуулийн хэрэгжилт яагаад муу байсан үндсэн шалтгаануудад томоохон бүтээн байгуулалтууд хийх үйлдвэрлэлийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх төрийн оролцоо өндөр байх, газрын асуудлыг төрөөс зохицуулах, татварын бодлогоор дэмжих, төр, хувийн хэвшлийн түшлэл болон хувийн хөрөнгө оруулалтыг татах зэрэгт анхаарах шаардлагатай гэж үзэн  шинэчлэн сайжруулсан гэсэн үг. Тиймээс 2022 оны тус хууль  Монгол Улсад удтал цаасан дээр яригдсан үйлдвэрлэл, технологийн аж үйлдвэрийн паркуудын төслийг амь оруулж, урагшлуулах түлхүүр болсон гэж болно. 

Уг хуульд хүнд аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах газрын байршлыг “Алсын хараа-2050”, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр” зэрэг бодлогод тулгуурлан үйлдвэрлэл, технологийн паркийг уул уурхайн томоохон уурхай, үйлдвэрлэлд түшиглэн байгуулахаар тусгасан нь өмнөх хуульд байгаагүй тодорхой шийдэл болжээ. Тухайлбал, хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн зэсийн баяжмалыг боловсруулах, катодын үйлдвэр байгуулна гэх мэтчилэн тусгасан нь  төрийн зүгээс хэрхэн дэмжиж, юу хийх, түүнийг дагаад дотоод, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хэрхэн татах нь ч тодорхой болсон гэсэн үг. 

Мөн өмнөх хуульд Паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тавхан жилийн хугацаатай олгохоор байсан бол одоогийн хуулийн, 
11.8. Паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг нэг удаа 15 жилээр сунгана. 
15.1.5.төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах; 
15.1.7.паркийн нутаг дэвсгэрт хэрэгжих төсөл хөтөлбөр, түүний дэд бүтэц, бүтээн байгуулалтад шаардлагатай усан хангамж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдсан байх; 
16.1.1.паркийн удирдлага, нэгжийн үйл ажиллагаанд татварын дэмжлэг үзүүлэх; 
16.1.2.паркийн үйл ажиллагааг төрөөс дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор үнэт цаас гаргах, гадаадын хөнгөлөлттэй зээлд хөрөнгийн баталгаа гаргах; 
16.1.3.паркийн дэд бүтэц, барилга байгууламжийг барихад төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, оролцоог дэмжих; 
16.1.4.паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг улс, орон нутгийн төсөв, Засгийн газрын бонд болон холбогдох бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх; 
16.1.5.паркийн нутаг дэвсгэрт гаалийн тусгай бүс, гаалийн баталгаат үйлдвэр байгуулах гэх мэт зохицуулалтыг тодорхой тусгасан байна. 

Түүнчлэн Үйлдвэрлэл, технологийн паркийн хууль эрх зүйн шинэчлэл хийснээр улсын төсөв болон эдийн засагт үзүүлэх эерэг өөрчлөлтийг ч уг хуулийн төслийг санаачилан, батлуулсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд С.Бямбацогт “Томоохон паркуудыг байгуулбал 10 их наяд төгрөг олох бололцоотой. Цаашид үйл ажиллагаа нь жигдрээд ирэхээр улсын төсөвт хоёр их наядын татвар төвлөрүүлэх боломжтой юм. Хоёр их наяд төгрөг бол бүх ахмадын тэтгэврийг өгөх, хүүхдийн мөнгийг өгөхтэй тэнцэх хэмжээний мөнгө.

 Паркад үйл ажиллагаа эрхлэе гэсэн аж ахуйн нэгжийн  үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс авах татварыг эхний таван жил бүрэн, 6-10 дахь жилд нь 50% хөнгөлнө. Иймэрхүү байдлаар үйлдвэрүүд бий болвол Монгол Улс импортлогчоос үйлдвэрлэгч улс болж, аж үйлдвэрлэлийн хувьсгал гарна. Харин паркад үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд  өрсөлдөөнийг хязгаарлахгүй, нээлттэй байх зарчим баримтлах хэрэгтэй” хэмээн тодорхой тоон утгаар идэрхийлж байсан юм.

Иймэрхүү байдлаар үйлдвэрүүд бий болвол Монгол Улс импортлогчоос үйлдвэрлэгч улс болж, аж үйлдвэр­лэлийн хувьсгал гарна гэдгийг ч зарим улстөрчид онцолж байгаа. 

Тэгвэл энэ хуулийн дараа Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт нүүрсний нөөцийн 16%, зэсийн нөөцийн 17%, жоншны нөөцийн 19%, төмрийн хүдрийн нөөцийн 15%-ийг эзэмшиж, импортын орлогын 30 орчим хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын гол тоглогч “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс 2024-2028 оны дунд хугацааны стратегийн төлөвлөгөө боловсруулахдаа өөрийн нэгдлийн компаниудад түшиглэн эрдэс баялгийг боловсруулж  аж үйлдвэрийн үндсэн түүхий эд үйлдвэрлэх суурь үйлдвэрүүдийг барьж байгуулах нь компаниудын тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, баялгаас хүртэх үр ашиг болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, стратегийн ордуудыг урт хугацаанд иж бүрэн, үр өгөөжтэй ашиглах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдад үнэ цэнийг бий болгох чухал ач холбогдолтой хэмээн үзжээ. 

Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн Зэсийн баяжмал боловс­руулах үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн Нойтон баяжуулах үйлдвэр, хорголжийн үйлдвэр, ширэмний үйлдвэр, гангийн үйлдвэр, ган бүтээгдэхүүний үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн Жонш баяжуулах үйлдвэр, Фторт устөрөгчийн үйлдвэр, “Цемент шохой” ХХК-ийг түшиглэн Шохойн үйлдвэр, “Багануур” ХК-ийг түшиглэн Хүрэн нүүрс боловсруулах нүүрс-химийн цогцолбор байгуулах аж. Эдгээр суурь үйлдвэрүүд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ тухайн парк дээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдах дараагийн шатны боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлснээр экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластерууд бий болж, аж үйлдвэрийн гинжин хэлхээ үүсэх аж. Түүнчлэн “Эрдэнэс Монгол”-ын хувьд дунд хугацааны стратегийн төлөвлөгөөндөө  дээрх бүх үйлдвэрлэлүүд тус бүрийн үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрөл хэмжээ, эдийн засгийн ач холбогдлыг нь тооцон гаргажээ. 

Тухайлбал, эндээс жишээ болгож “Нүүрс-Химийн цогцолбор Багануур ҮТП”-ийн үйлдвэрлэлийг сонирхуулъя. 
“Нүүрс-Химийн цогцолбор Багануур ҮТП”-ийн хүрээнд: Нүүрс-Химийн үйлдвэрийн 1-р үе шатад 0.5 сая тонн/жил нүүрсийг хийжүүлэх, нийлэгжүүлэх аргаар метанол үйлдвэрлэнэ. Метанолоос 300 мян.тонн нийлэг хий суурьтай ахуйн болон хийн түлш (тухайлбал хүхэргүй, үнэргүй, байгаль орчинд ээлтэй диметиллийн эфир) үйлдвэрлэн импортыг орлох бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлнэ.  Монгол Улсын гаалийн байгууллагын мэдээлснээр 2022 онд 18.9 сая ам.долларын 45.9 мян.тонн, 2023 онд 17.7 сая ам.долларын 61.8 мян.тонн хийн түлш импортолсон байна. 

Түүнчлэн нүүрснээс гаргаж авсан нийлэг хий суурьтай түлш (диметиллийн  эфир гм)-ийг гэр хорооллын айл өрхүүдийн дулааны эх үүсвэр болгон ашиглах боломжтой бөгөөд ингэснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна. 

Үйлдвэрийн 2 дугаар шатыг ашиглалтад оруулснаар 2.5 сая тонн/жил нүүрснээс метанол суурьтай 500 мян.тонн полипропелин (PP) зэрэг төрөл бүрийн хуванцрын химийн үйлдвэрлэлийн үндсэн элементүүд болон 190 мян. тонн авто бензин үйлдвэрлэх боломжтой. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд зах зээлийн эрэлттэй уялдуулж үйлдвэрлэлээс гарсан бүтээгдэхүүнийг түүхий эд хэлбэрээр ашиглаж дараагийн шатны боловсруулалтыг хийснээр олон төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэснээр дотоодын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг суурь цэвэрлэгээний бодис,  цавуу, будаг, хүнсний сав, савлагаа, ханын цаас, хивс олс доторлогоо, барилгын материал зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжийг үйлдврлэгчдэд олгоно. Улмаар дотоодын үйлдвэрлэлийн хэрэгцээнээс илүү гарсан химийн элементүүдийг бүтээгдэхүүн хэлбэрээр экспортод гаргаж нэгдлийн бүтээгдэхүүний төрлийг солонгоруулна гэсэн байна. 

Уншигч та бүхэн  дээрх зургаас  “Эрдэнэс Монгол” нэгдлийн томоохон компани, үйлдвэрийн газруудыг түшиглэн байгуулах Үйлдвэрлэл, технологийн парк /ҮТП/-ийн хаана юу, юу үйлдвэрлэх  зураглалыг сонирхоорой. 
•    Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратегийн төлөвлөгөөнд аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгосноор дараах үр дүнгүүд гарна гэж үзжээ.  Улсын эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой өсөлтийг хангах, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, валютын орлого нэмэгдэх, гадаад худалдааны тэнцэл сайжрахад чухал хувь нэмэр оруулна. 
•    Улсын экспортын жилийн орлого  үйлдвэрлэл, технологийн паркийн хуулийн хэрэгжилтэд хаана хаанаа анхаарал хандуулж 2,2507 сая ам.доллараар нэмэгдэж, боловсруулах аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хувь 16.5%-д хүрнэ. 
•    Уул уурхайн гаралтай экспортын тээвэрлэх ачааны хэмжээ 77%-иар буурна. 
•    Суурь үйлдвэрүүдийн хэмжээнд 4,071 ажлын байр шинээр бий болж, уурхай, үйлдвэр дагасан хотуудад хүн амын шилжин суурьшилт нэмэгдэж, нийслэлийн төвлөрлийг сааруулна. 
•    Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг түшиглэн олон улсын хуурай боомтууд байгуулах нөхцөл бүрдэнэ.
Эцэст нь тэмдэглэхэд, цаасан дээр ийн тодорхой бууж, хууль эрх зүйн шинэчлэл хийгдсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулиа энэ удаад илүү сайн хэрэгжүүлж, урагш алхах нь чухал юм гэдгийг сануулъя. Хуулийг ямар ч  хэрэгжилтгүй цаасан дээр “унтуулж” байгаад  хэсэг хугацааны дараа гэнэт сэрсэн мэт засдаг биш, баталсан хуулийн хэрэгжилтэд хяналттай, нэхэл хатуутай баймаар байна.