Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Монгол, Хятадын эрдэмтэд нүүрсний хаягдлыг эко хөрс болгож байна

Нүүрсний уурхайн хаягдал чулуулгаас хөрс боловсруулан, экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргах технологийг Монгол Улс, БНХАУ-ын эрдэмтэд хамтран боловсруулжээ. Энэ талаар долдугаар сарын 4-нд ХААИС-д хоёр талын эрдэмтэд танилцууллаа. БНХАУ-ын Шанси Их сургуулийн дэд профессор Жөнжун Фэнг, ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх, “Цэцэнс майнинг энержи” компанийн байгаль орчны мэргэжилтэн Д.Даваасүрэн гээд албаны хүмүүс байлцлаа.

Тодруулбал, нүүрсний уурхайнуудын карьер дахь хаягдал нүүрсийг хөрс болгох судалгааны төсөл дуусаж, нийслэлийг эрчим хүчээр хангах Бөөрөлжүүтийн цахилгаан станцад туршиж эхэлжээ. Нүүрсний хаягдал чулуулгаас гарган авсан хөрсийг уул уурхайд байгалийг нөхөн сэргээхэд эргэж хэрэглэх, мөн газар тариаланд бордоо хөрс байдлаар ашиглах боломжтой аж. БНХАУ-ын Шанси муж нүүрсний орд ихтэй. Хаягдал чулуулгаас хөрс, бордоо гарган авах технологийг нэлээн хэдэн жил туршиж хэрэглэсэн туршлагатай бөгөөд энэ технологиийг үйлдвэрлэлийн хамт Монгол Улсад шилжүүлж, хэрэгтэй бүтээдэхүүн гарган авахад хамтран ажиллахаар болж байгаа юм байна. ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх хэлэхдээ, “Энэ бол уул уурхайн салбарыг түшиглэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эко төсөл юм. ХААИС-ийн гадаадын их, дээд сургууль, байгууллагатай хийж буй нийт 27 инновац төслийн нэгний үр дүн ийнхүү гарч байна” хэмээн онцоллоо. Төсөл хаягдал нүүрс боловсруулж хөрс бэлдэх замаар энэ талын мэргэжилтэнг БНХАУ-д бэлтгэх байдлаар 2-3 жилийн хугацаанд үргэлжлэх юм байна.  

Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг  “Цэцэнс майнинг энержи” компани гүйцэтгэж байгаа бөгөөд хүрэн нүүрсний ил уурхай түшиглэсэн учраас Монгол, Хятадын эрдэмтдийн судалгааны ажлыг бодит байдалд хэрэгжүүлэхээр хаягдал чулуулаг, овоологоо бүрэн боловсруулж, хөрс, бордоо гаргаж авахаар болсон байна. Нүүрсний хаягдлаа овоолоод байх биш, өөрсдөө ногоон байгууламж барихад ашиглахаас гадна ойр орчмын газар тариалангийн ААН-үүдэд чулуулгаас гарган авсан бордоо нийлүүлэх бөгөөд хариуцлагатай уул уурхайн нэг жишээ болох аж.

Дашрамд дурдахад, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн “Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн барих 300 МВТ-ийн цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулсан. Энэхүү төсөл нь 2 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний үе шатанд 150 МВт чадалтай нүүрсээр ажиллах, хэт өндөр даралтын, циркуляцлах /эргэлтэт/ буцлах давхарга бүхий зуух болон дахин халаалттай, конденсацийн, агаарын хөргөлттэй конденсатортай турбин-генератор 2-ыг суурилуулах юм. Хоёрдугаар үе шатанд 150 МВт-ын хоёр блокоор өргөтгөнө. Төслийн нийт хүчин чадал нь 600 МВт болох юм.

Ингэснээр тухайн цахилгаан станц Улаанбаатар хотын төвийн эрчим хүчинд 150 мВт хүчин чадлыг нийлүүлэх юм. Хоёрдугаар үе шат буюу 2025 онд дараагийн 150 мВт-ыг буюу нийт 300 мВт-ын цахилгааныг нийлүүлэх аж. Энэ нь ТЭЦ-3-ын үйлдвэрлэлээс нэг дахин илүү хүчин чадалтай гэсэн үг.