Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Герман улс устөрөгчийн цахилгаан станц барих тендер зарлана

Ч.Сансар

Герман улс 2025 оны  эхээр устөрөгчөөр ажиллах боломжтой нийт 12.5 ГВт хүчин чадал бүхий хийн цахилгаан станц шинээр барих болон хуучин станцуудыг шинэчлэх тендер зарлана  гэж өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ.

Энэхүү тендер нь Герман улсын сэргээгдэх эрчим хүч рүү шилжих, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгах хөтөлбөрийн нэг хэсэг юм.

RWE, EnBW, Uniper зэрэг Германы шилдэг  цахилгаан түгээгч компаниуд уг хөтөлбөрийн талаар нарийн мэдээлэл дутмаг байгааг шүүмжилж, энэ нь Герман улсын нүүрсний хэрэглээг багасгах  төлөвлөгөөг эрсдэлд оруулж болзошгүйг анхааруулсаар ирсэн.
Германд тус бүр нь 5 ГВт хүчин чадалтай устөрөгч болон хийн түлш хосолсон цахилгаан станц барих хоёр тендер зарлахаар төлөвлөж байна. Мөн уг тендерт нийт 2 ГВт хүчин чадал бүхий хуучин хийн цахилгаан станцуудыг шинэчлэх, ус төрөгчөөр ажилладаг болгох, 0.5 ГВт эрчим хүч урт хугацаанд хадгалах чадвартай төхөөрөмж, 0.5 ГВт-ын бүрэн устөрөгчөөр ажилладаг цахилгаан станц барих ажлууд орсон.

Хөрөнгө оруулалтын зардал болон устөрөгч болон байгалийн хий хоёрын ашиглалтын зардлын зөрүүг устөрөгч рүү бүрэн шилжсэний дараа жилд бүрэн хүчин чадлаараа ажилласан эхний 800 цагт татаас олгоно гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Uniper компанийн гүйцэтгэх захирал Майкл Льюис “компани яриа хэлэлцээнд оролцоход бэлэн байгаа, хэрвээ таатай нөхцөл бүрдвэл энэ хөтөлбөрт оролцоно” гэжээ.

Тендерүүдийг хоёр үе шаттайгаар явуулна. Эхний үе шатанд  баригдсан станцууд найман жилийн дотор ногоон эсвэл цэнхэр устөрөгч рүү шилжихийг шаардана гэж яамнаас мэдээллээ.

Эрчим хүчний сүлжээний тогтвортой байдлыг хангах, зардлыг бууруулах зорилгоор тус улсын аж үйлдвэрийн ихэнх хэсэг байрладаг Германы өмнөд хэсэгт цахилгаан станцуудыг барина.

Герман улс цахилгаан станцуудад олон тэрбум еврогийн татаас олгох албан бус зөвшөөрлийг өнгөрсөн сард Европын холбооноос авчээ.

Эх сурвалж: Ройтерс