Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Казахстан, Узбекистан улсуудын жилийн худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүрнэ

 Ч.Сансар

Казахстан, Узбекистан хоёр “ойрын жилүүдэд” худалдааны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зорилтоо зарлав. Энэхүү амбицтай зорилгодоо хүрэхийн тулд хоёр орон худалдааны саад бэрхшээлүүдийг арилгана гэлээ.

2023 онд тус хоёр улс Төв Азийн нийт худалдааны 57%-ийг бүрдүүлж, хоёр талын бараа эргэлт нэг жилийн хугацаанд 4.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Худалдаа энэ онд удааширч, 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 1.2 тэрбум ам.долларт хүрчээ. Казахстаны Ерөнхий сайд Олжас Бектенов болон Узбекистаны Ерөнхий сайд Абдулла Арипов нар 7 дугаар сарын 11-12-нд Астана хотноо болсон хоёр талын ээлжит зөвлөлдөх уулзалтын үеэр хэлсэн үгэндээ ойрын хугацаанд хоёр улс худалдааны эргэлтээ жилийн 10 тэрбум долларт хүргэхээр зорьж байгаа гэлээ.

Дамжин өнгөрөх хугацааг багасгахын тулд хилийн боомтуудад цахим систем нэвтрүүлж, "чөлөөт худалдааны горимд шилжинэ" гэж Ерөнхий сайд Арипов мэдэгдлээ. Казахстан улс хөдөө аж ахуй, хүнс, аж үйлдвэр, худалдааны салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна хэмээн Бектенов хэллээ.

Казахстан, Узбекистан хоёр улсын худалдааны саад тотгорыг бууруулах хүчин чармайлт нь АНУ-ын дэмжлэгтэйгээр шинээр гарч ирж буй Зүүн-Баруун коридорын дагуух худалдааг нэмэгдүүлэх зорилготой В5+1 санаачилгатай нийцэж байна. Энэхүү санаачилга нь Төв Азид гадаадын хөрөнгө оруулалтыг татах, худалдааг өргөжүүлэхэд түлхэц болно.

Зөвлөлдөх уулзалтын үеэр худалдааны сэдвээс гадна усны хэрэглээ, усны менежментийн тогтолцоог илүү үр ашигтай болгох, ус түгээх системийг цахимжуулах, автоматжуулах талаар талууд ярилцлаа.

Үүнээс гадна Ташкент хотод 7 дугаар сарын 17-нд Киргизстан, Узбекистаны бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдана. Уг уулзалтаар талууд худалдааны журмыг хялбарчлах арга замын талаар зөвлөлдөх юм байна.

Эх сурвалж: oilprice.com