Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад улс цэвэршүүлсэн зэсийн экспортоо хоёр дахин нэмэгдүүлж, дээд амжилт тогтоожээ

Ч.Сансар

Дэлхийн хамгийн том зэс худалдан авагч Хятадад эрэлт сул байгаагийн улмаас өнгөрсөн сард хайлуулах үйлдвэрүүд зэсээ гадаадын зах зээлд борлуулж, Хятадын цэвэршүүлсэн зэсийн экспорт дээд цэгт хүрлээ.

Өнгөрсөн ням гарагийн гаалийн мэдээллээр энэ оны 6 дугаар сард гадаадын зах зээлд нийлүүлсэн зэсийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж 157,751 тонн болсон нь 2012 онд тогтоосон дээд амжилт буюу 102,000 тонн зэсийн экспортыг давсан билээ.

Хятадын эдийн засаг 4-6 дугаар сарын хооронд сүүлийн 5 улирлын үзүүлэлтээр  хамгийн бага өссөн нь 5 дугаар сарын дунд үеэс хойш дэлхийн зах зээлд зэсийн үнэ 14 орчим хувиар унахад хүргэсэн юм. Хятадын Ардын банк эдийн засгийн идэвхжлийг сэргээх зорилгоор өнгөрсөн даваа гарагт сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа бодлогын хүүгээ буурууллаа.

Мөн эрэлт буурсантай холбоотойгоор Хятадад зэсийн нөөц нэмэгдэж байна. Лондонгийн металлын биржийн агуулахуудад зэсийн нөөц 5 дугаар сарын дунд үеэс хоёр дахин нэмэгдэж, 2021 оны 9 дүгээр сараас хойш хамгийн дээд хэмжээнд хүрсэн байна.

Guoyuan Futures Co компанийн шинжээч Фан Руй хэлэхдээ, "Хятадын хайлуулах үйлдвэрүүд төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байгаа бөгөөд дотоодын эрэлт маш бага байгаа тул бүтээгдэхүүнээ экспортлохоор шийдсэн. Экспорт өндөр хэвээр байж, аажмаар 9 дүгээр сараас түүхий эдийн нийлүүлэлт байхгүйгээс буурч магадгүй” гэжээ.

Худалдааны бусад мэдээлэл: Хятадын алтны импорт 6 дугаар сард өмнөх сарынхаас хоёр дахин буурсан байна. Энэ нь голдуу алтны үнэ өссөнтэй холбоотой. ОХУ-аас хөнгөн цагааны импорт гурав дахь сардаа буурч, 2023 оны 1 дүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрчээ.

Эх сурвалж: mining.com