Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Төмрийн хүдрийн үнэ 100 доллароос доош буулаа

П.Жаргалсүрэн

БНХАУ-д болсон төмрийн хүдэртэй холбоотой бодлогын уулзалт төдийлөн үр дүнгээ өгөөгүй бөгөөд уг түүхий эдийн нийлүүлэлтийн түвшин өндөр хэвээр байсан учир үнэ нь 100 доллароос (тонн тутамд) доош уналаа.

Өнгөрсөн долоо хоногт болсон Коммунист намын 3 дугаар чуулганы үр дүнд төмрийн эрэлтийг нэмэгдүүлэх, үл хөдлөх хөрөнгийн хямралыг шийдвэрлэх талаар цөөн арга хэмжээ санал болгосонд хөрөнгө оруулагчид сэтгэл дундуур байсан.

Австралийн дараа орох дэлхийн хоёр дахь том төмрийн хүдрийн экспортлогч Бразилаас 7-р сарын эхний ажлын 15 хоногт өдөрт дунджаар 1.62 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэсэн байна. Энэ нь өнгөрсөн оны 7-р сарын нэг өдөрт тээвэрлэсэн дундаж ачааны хэмжээнээс өндөр байгааг харуулж байна.

Төмрийн хүдрийн үнэ энэ жил дөрөвний нэгээс илүү хувиар унасан нь гол уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн дунд хамгийн муу үзүүлэлттэй түүхий эд болоод байна.

SDIC Essence Futures компанийн ахлах шинжээч Хан Жин, "Хятадын сүүлийн үеийн макро бодлого нь хүлээлтэс давсан үр дүнд хүрсэнгүй" хэмээгээд ган бүтээгдэхүүний эрэлт сул байгаа нь төмрийн хүдрийн үнэ буурахад нөлөөлсөн гэж онцолжээ. "Энэ хооронд далайгаар тээвэрлэдэг төмрийн хүдрийн зах зээл дээр нийлүүлэлтийн илүүдэл үүссэн" гэж тэрбээр хэлэв.

Энэ нь уул уурхайн компаниудын хувьцааны үнэ ханшинд сөргөөр нөлөөлсөн. Австралид BHP Group-ын хувьцааны ханш Даваа гарагт 2022 оны 11 дүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрлээ.

Эх сурвалж: mining.com