Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаатай танилцлаа

Энэ оны 8 дугаар сарын 1-нд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны холбогдох албан тушаалтнууд Ашигт малтмал, газрын тосны газарт ажиллалаа.

Тус уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сайдын зөвлөх Ш.Ганхуяг, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал тэргүүтэй газар, хэлтсийн дарга нар, холбогдох албан тушаалтнууд оролцлоо. 

Энэ үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал уул уурхай, газрын тосны салбарын бодлогыг тодорхойлж, аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлээд, агентлагийн үйл ажиллагаа, стратеги төлөвлөгөөний биелэлт, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан бизнес эрхлэгчдээ дэмжсэн нээлттэй, таатай орчныг бүрдүүлж, төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх нь чухлыг онцлоод, газрын тос, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлыг тодруулж, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. 

Мөн тэрээр Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Хуримтлалын санг арвижуулахаас эхлээд хийх олон ажил байгааг сануулахын зэрэгцээ Ашигт малтмал, газрын тосны газар нь орон нутаг, аж ахуйн нэгжүүдтэй ойлголцох, газар дээр нь биечлэн ажиллахад илүү анхаарах, тус газрын бүсчлэлийг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тодорхойлсонтой уялдуулж, тогтоохыг үүрэг болгов.

 

Ашигт малтмал, газрын тосны газар нь энэ онд нийт 15 зорилгын хүрээнд 95 зорилт, арга хэмжээг Төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахаар төлөвлөсөн ажээ. Мөн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын төсөвт 188.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлт 44.6%-тай байна хэмээн салбарынхны зүгээс онцолж байв.

Түүнчлэн газрын тосны эрэл хайгуулыг эрчимжүүлэх ажлын хүрээнд энэ оны 7 дугаар сарын 30-ны байдлаар хайгуулын шатанд 8 /БХГ/, ашиглалтын шатанд 4, цуцлагдах шатанд 1 Бүтээгдэхүүн хуваах гэрээ бий. Нээлттэй зарласан газрын тосны хайгуулын 15, нүүрсний давхаргын метан хийн хайгуулын 1 талбай байгаа юм байна.