Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Германы эрчим хүчний салбар хөгжлийн шинэ шатанд хүрлээ

П.Жаргалсүрэн

Герман улсын цахилгаан эрчим хүчний бараг 60%-ийг нар, салхины эрчим хүч эзэлж байна гэж Electrek мэдээний сайт мэдэгдлээ.

2024 оны эхний гурван сард Герман улсын нийт үйлдвэрлэсэн цахилгааны 58.4%-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж, дээд амжилт тогтоосон байна. Энэ нь 2018 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Тус улс нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлдэг бөгөөд нийт эрчим хүчний хэрэгцээний 38.5%-ийг салхин станцууд дангаараа хангадаг.

Цэвэр эрчим хүчний энэхүү өсөлт нь Германы ард иргэд болон байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж байгаа нь тодорхой. Сэргээгдэх эрчим хүч ихсэх тусам хэрэглэгчдийн цахилгааны зардал буурдаг.

Electrek-ийн мэдээлснээр шатдаг түлшээр үйлдвэрлэсэн эрчим хүч 25.4%-иар буурсны үр дүнд агаарын бохирдол багасч байгаа. Энэ нь хүмүүс илүү чөлөөтэй амьсгалах, илүү эрүүл амьдрах орчинтой болно гэсэн үг юм.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний салбар нь инженерчлэл, барилга угсралт, цэвэр эрчим хүчний системийн засвар үйлчилгээ зэрэг чиглэлүүдэд олон шинэ ажлын байрыг бий болгож байна.

Германы худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг (GTAI)-ийн Сэргээгдэх эрчим хүч, нөөц баялгийн захирал Томас Григолейт хэлэхдээ Герман улс сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар үүсэх агаарын бохирдлыг бууруулж, дэлхийн дулааралтай тэмцэхэд чухал алхам хийж байна гэв. Тэрээр "Герман улс өмнө нь хэзээ ч ийм их хэмжээний сэргээгдэх эрчим хүч  үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байгаагүй" гэж Electrek-д хэлжээ.

ХБНГУ-ын энэхүү амжилт бол илүү цэвэр, хямд үнэтэй эрчим хүчний ирээдүйг бий болгох боломжтой гэдгийг нотлох бас нэгэн жишээ юм.

Эх сурвалж: yahoo.com