Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Баянхөндийн алтны төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци”  2024 оны 6 сарын 30-наар дуусгавар болсон гурван сарын хугацааны санхүүгийн ба үйл ажиллагааны тайлан, Монголиан Майнинг Корпорэйшнтэй хамтран хөгжүүлж буй Баянхөндий алтны төслийн тухай мэдээллээ гаргалаа. “Эрдэнэ Ресурс”-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “2024 оны хоёрдугаар  улиралд бид  Монгол Улсын баруун өмнөд хэсэгт орших Хөндий эрдсийн дүүргийн хөгжүүлэлтэд ихээхэн ахиц дэвшил гаргаж, хайгуулын ажлуудыг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүллээ гэв.

Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 6-р сарын эцэст ~30%, үндсэн байгууламж болох боловсруулах үйлдвэр 40%-ийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн, үндсэн тоног төхөөрөмжүүд төслийн талбайд тээвэрлэн ирж, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг үйлдвэрийн бус дэд бүтцийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн. Төслийн бүтээн байгуулалтын үеэр тээвэр болон цаг уураас үүдэлтэй саатлуудтай тулгарсан боловч 2025 оны дундуур алтны олборлолтыг эхлүүлэх ерөнхий хуваарь болон төсвийн дагуу үргэлжилж байгаа аж.

Петер Акерли үргэлжлүүлэн: “Хайгуулын хөтөлбөрийн хүрээнд Хөндий болон Зуун Мод тусгай зөвшөөрлийн талбайд хэд хэдэн алтны хэтийн төлөв бүхий шинэ талбайг тодорхойлсон. Баянхөндий төслийн талбайд эхний жил олборлох өндөр агуулга бүхий хүдрийг баталгаажуулах болон уурхайн хязгаарыг баруун зүгт тэлэх судалгаа, өрөмдлөгийг гүйцэтгэж байна. Дээрх хөтөлбөрийн үр дүнг 2024 оны гуравдугаар улиралд мэдээлнэ гэлээ.

Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 2024 оны 2-р улирлын эцэст 30 % байгаа бол 2024 оны 6-р сарын эцэст төслийн нийт зардалд ойролцоогоор 60 сая ам.долларыг зарцуулжээ. Төслийн бүтээн байгуулалт ерөнхий хуваарийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд 2024 оны эцэст бүтээн байгуулалтын дийлэнхийг эцэслэн, 2025 оны дундуур анхны алтыг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.  Үйлдвэр болон үндсэн байгууламжуудын барилгын ажил улирлын эцэст 40 хувьтай байгаа бөгөөд голлох тоног төхөөрөмжийн угсралтын ажлуудыг бөмбөлөгт болон хагас өөрөө нунтаглах тээрмүүдээс эхлүүлжээ.