Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинтогийн литийн уурхайг сербүүд эсэргүүцэж байна

П.Жаргалсүрэн

Олон мянган байгаль орчны болон сөрөг хүчний идэвхтнүүд Белград хотод жагсаж, Рио Тинто группийн Европ дахь хамгийн том буюу 2.4 тэрбум долларын өртөгтэй литийн уурхайг Сербид нээхийн эсрэг эсэргүүцлээ илэрхийллээ.

Жагсагчид “Чи ухаж болохгүй”, “Урвагч” гэсэн уриа лоозон барин нийслэлээр алхаж, Ерөнхийлөгч Александр Вучичийн дэмжсэн төслийг ширүүхэн шүүмжиллээ.  Бямба гарагийн орой гэхэд жагсаалд ойролцоогоор 40,000 хүн оролцжээ.

Дэлхийн улс орнууд эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай лити зэрэг критикал минералын шинэ орд нөөцийг нээж, олборлохыг зорьж байгаа ч энэ нь хүндрэлтэй тулгарч байна. Рио Тинтогийн хувьд Серб дахь тус уурхай нь төмрийн хүдрийн хамаарлыг бууруулахад гол ач холбогдолтой төсөл болох юм байна.

Батарейны үйлдвэрлэлд хэрэглэдэг литийг олборлож, боловсруулах нь байгаль орчныг бохирдуулна гэж зарлаж буй байгаль орчны идэвхтнүүдийн эсэргүүцлийг намжаахын тулд уг төслийг 2022 онд зогсоож байсан билээ. Харин Сербийн Дээд шүүх 7 дугаар сард уг хоригийг цуцалсан.

Вучичийн засгийн газар уг төслийг эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгджээ. Литийн олборлолтоос гадна Сербид батарей болон цахилгаан автомашин нэмж үйлдвэрлэвэл тус улсын эдийн засагт жил бүр 12 тэрбум еврогийн орлого нэмж орж ирнэ гэж Сангийн сайд Синиса Мали хэллээ.

Өнгөрсөн сард Серби болон ЕХ-ны албаны хүмүүс литийг ЕХ-д нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Нэмж дурдахад Mercedes Benz AG-ийн гүйцэтгэх захирал Ола Каеллениус болон Stellantis NV-ийн төлөөлөгчид цахилгаан машины батарейн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах тухай гэрээнд гарын үсэг зурав.

Литийн уурхай байгаль орчны нарийн стандарт шаардлагуудыг чанд мөрдөнө гэсэн засгийн газрын амлалтанд жагсагчид итгэхгүй байгаа юм байна.

Эх сурвалж: mining.com