Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЛАБОРАТОРИУДАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Үндэсний итгэмжлэлийн төвөөс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүх лабораториудад магадлан итгэмжлэл хийж эхэллээ. Магадлан итгэмжлэлийн үнэлгээг тус төвийн 14 мэргэжилтнээс бүрдсэн хоёр ажлын хэсэг газар дээр нь үнэлгээ хийж, энэ сарын 13-15-нд дүгнэлтээ гаргах юм.

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд Чанарын хяналтын хэлтсийн Химийн төв лаборатори, Металлын лаборатори, Шатах тослох материалын лаборатори, Түлшний лаборатори, Техник хяналтын товчоо, Хэмжил зүйн товчоо, Дулааны цахилгаан станцын Уур усны лаборатори, Ус хангамжийн цехийн Усны лаборатори, ХАБЭАХ-ийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн лаборатори, БОНХХ-ийн Хяналт мониторингийн албаны Байгаль орчны лаборатори, Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн лабораториуд, Механикийн хэлтсийн Техник оношилгооны товчоо зэрэг бүх чиглэлийн шинжилгээний лаборатори ажилладаг.  Тэдгээрийн үйл ажиллагаанд MNS ISO/IEC 17025:2018, MNS ISO/IEC 17020:2015 “Сорилт болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих шаардлага” стандарт, Үндэсний итгэмжлэлийн төвийн бодлогын баримт бичиг, холбогдох итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхэд үнэлгээ, дүгнэлт хийнэ.

Итгэмжлэлийн үнэлгээг Чанарын хяналтын хэлтэс, Ус хангамжийн цех, Дулааны цахилгаан станц, ХАБЭА-н хэлтсийн лабораториудад давтан итгэмжлэлийн үнэлгээ хийх бол Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн лабораториуд, Механикийн хэлтсийн Техник оношлогооны товчооны үйл ажиллагаанд магадлах үнэлгээ хийх юм байна.

Ажлын үр дүнд лабораториудын магадлан итгэмжлэлийн эрхийг сунгах аж.