Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Төв Азийн удирдагчид бүс нутгийн худалдааг өргөжүүлэхийг зорьж байна

 

Төв Азийн таван орны болон Азербайжан улсын удирдагчдын 6 дахь зөвлөлдөх уулзалт Казахстаны нийслэл Астана хотод 8-р сарын 9-нд “Тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев бүс нутгийн удирдагчдад хандан “Төв Азийг ирээдүйн боломжоор дүүрэн бүс нутаг гэж танилцуулахын төлөө бид хамтран ажиллаж байна” гэж хэллээ. "Бид хамтдаа Тогтвортой хөгжлийн зорилтуудаа биелүүлэхийн тулд томоохон алхам хийж чадна" гэжээ.

Уг уулзалтын энэхүү өөдрөг уур амьсгал нь Төв Азийн улс орнуудын хооронд болон Хятад, барууны зах зээлтэй худалдааг нэмэгдүүлэх нийтлэг зорилгыг илэрхийлж байсан. Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг Төв Азийн бүх улсууд ачаа тээврийн урсгалыг хурдасгахын тулд худалдааны саад бэрхшээлийг арилгаж, хилийн боомтуудаа шинэчилж байгааг Токаев тэмдэглэв.

2024 онд гаргасан худалдааны тэргүүн санаачилга бол Азербайжан, Казахстан, Узбекистаны нарны болон салхины эрчим хүчийг Каспийн тэнгисээр дамжуулан барууны зах зээлд экспортлох зорилготой "ногоон эрчим хүчний төлөвлөгөө" байсан юм. Төв Азийн хамгийн том эдийн засагтай Казахстан, Узбекистан улсууд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүчин чармайлтыг тэргүүлж байгаа аж. Токаев, Мирзиеев нар 8 дугаар сарын 8-нд Астанагийн бүсийн чуулга уулзалтын өмнө ганцаарчилсан уулзалт хийж, хилийн хяналт, журмыг хялбарчлах, хөдөө аж ахуйн салбарын худалдааг нэмэгдүүлэх зорилготой арав гаруй баримт бичиг, хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.

“Манай хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын худалдааны хэмжээ 1.7 тэрбум ам.долларт хүрч, нийт худалдааны гуравны нэг орчмыг эзэлж байна” гэж Токаев ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлдээ дурджээ. “Казахстан улс Узбекистанаас нэн чухал хүнсний бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байгаа бол бид Узбекистаны түншүүддээ гурил, улаан буудай болон бусад бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн экспортлох болно” гэжээ.