ХАНОЙ, 8-р сарын 16 (Ройтерс) - Вьетнамын удирдагч То Лам ирэх долоо хоногт БНХАУ-д айлчилж, Ши Жиньпин даргатай уулзах үеэр төмөр замын асуудлыг ярилцана гэж албаны хүмүүс мэдэгдэв. Хятадын үйлдвэрлэгчид экспортын чиглэлийн үйлдвэрүүдээ Вьетнам руу шилжүүлж буй энэ үед төмөр замын сүлжээ тогтвортой нийлүүлэлтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Энэ хоёр улс Хятадын өмнөд бүсээс Вьетнамын нийслэл Ханой болон Вьетнамын хойд бүсийн аж үйлдвэрийн төвтэй хоёр төмөр замаар холбогддог. Вьетнамын төмөр замын сүлжээ нь Францын колоничлолын үед байгуулагдаж эхэлсэн бөгөөд Хятадын хурдны галт тэрэгнээс өөр царигтай тул зорчигчид, бараа бүтээгдэхүүн нь хил дээр галт тэрэг солих шаардлага гардаг.
Өнгөрсөн 12 дугаар сард Ши Жиньпин дарга Вьетнамын төмөр замын шинэчлэлд зориулж буцалтгүй тусламж, зээл олгохыг санал болгосон хоёр улс төмөр замын салбарыг хөгжүүлэх Ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Вьетнамын удирдагчийн айлчлал нь гарын үсэг зурсан хэлэлцээрүүдээ хэрэгжүүлэх, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, ялангуяа төмөр замын салбарт үр дүнтэй ажиллах зорилготой гэж Вьетнамын Гадаад хэргийн сайд Буй Тхань Сон мэдэгдлээ.
Хятадаас Ханойд суугаа Элчин сайд Шион Бо энэ долоо хоногт орон нутгийн сэтгүүлчдэд “Лао Цайгаас Ханойгаар дамжин Хайфон боомт хот хүртэл болон Ланг Соноос Ханой хүртэл төмөр замыг шинэчлэх; мөн Монг Кайгаас Хайфон хүртэлх далайн эрэг дагуу төмөр замыг шинээр барих гэсэн гурван төмөр замын төсөл дээр хоёр тал ажиллаж байгаа” гэж хэлжээ. Вьетнамын удирдагч Ламыг Хятадад айлчлах үед төмөр зам, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа болон бусад хөрөнгө оруулалтын шинэ хэлэлцээрүүдийг байгуулах төлөвтэй байгаа.
Ерөнхий сайд Фам Мин Чин 6-р сард Хятадад айлчлах үеэрээ Вьетнамын төмөр замд Хятадаас хөрөнгө оруулах, орчин үеийн технологи нэвтрүүлэхийг уриалсан гэж Вьетнамын төрийн хэвлэл мэдэгдлээ.