Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Tesla компанийн   цахилгаан машины борлуулалт   3%-иар өслөө

 

Ч.Сансар

Tesla Inc-ийн Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины тоо 8 дугаар сард  өмнөх жилийн мөн үеэс 3%-иар өссөн гэж Хятадын Суудлын автомашин эзэмшигчдийн нийгэмлэг мэдээллээ. 7 дугаар сард Tesla-гийн борлуулалт жижиг, шинээр хөгжиж буй хотуудад 78%-иар өссөн бол Ханжоу, Нанжин зэрэг томоохон, хөгжил өндөртэй хотуудад 47%-иар өссөн байна.

Tesla-гийн орон нутгийн борлуулалтын алба цомхотголд орсон ч борлуулалт өссөөр хэвээр байна. Tesla-гийн өрсөлдөгч Хятадын BYD компанийн суудлын автомашины борлуулалт 8 дугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35.3%-иар өсч, 370,854-д хүрчээ.

"Бид 8 дугаар сард 65,000 Tesla автомашин борлуулах төлөвлөгөөтэй байна. Хэрэв 9 дүгээр сард энэ эрчээрээ явбал Tesla-гийн Хятад дахь борлуулалт 2024 оны 3 дугаар улиралд хамгийн өндөр хэмжээнд хүрч магадгүй" гэж China Merchants Bank International (CMBI)-ын шинжээч Ши Жи хэллээ.

4 дүгээр сард Tesla худалдан авагчдыг татах зорилгоор таван жил хүртэлх хүүгүй зээл олгох санхүүжилтийн төлөвлөгөөг танилцуулсан. Цаашилбал, хэд хэдэн орон нутгийн засаг захиргаа Tesla машиныг дэмжиж, төрийн худалдан авч болох бараа бүтээгдэхүүний жагсаалтад оруулсан.

7 дугаар сард Tesla Хятадад анх удаа засгийн газраас баталсан албан ёсны машин болсон. Мөн Tesla нь Хятадын зүүн хэсэгт оршдог Жянсу мужийн захиргааны баталсан төрийн худалдан авалтын каталогид багтсан цорын ганц гадаад цахилгаан автомашин юм. Жянсу мужийн төрийн худалдан авалтын каталогид Tesla-гийн Шанхайд үйлдвэрлэсэн Model Y загвар 249,900 юань буюу 34,377 ам.доллараар үнэлэгдсэн байна.

Өнгөрсөн онд Tesla Хятадад 947,000 машин үйлдвэрлэж, ихэнхийг нь дотооддоо худалдсан. Хятад Tesla-гийн чухал зах зээл болсон бөгөөд тус компани 2023 онд нийт орлогынхоо дөрөвний нэгийг Хятадаас олсон байна.

 

Эх сурвалж: oilprice.com