Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос-Хятадын хамтарсан нүүрсний төсөл хоёрдогч хориг арга хэмжээний улмаас саатлаа

Барууны орнуудын хориг арга хэмжээний улмаас Сибирьт хэрэгжиж буй Орос-Хятадын хамтарсан нүүрсний төслийг санхүүжүүлэхэд хүндрэл тулгарлаа гэж Оросын металл, сэргээгдэх эрчим хүчний аварга En+ компанийн гүйцэтгэх захирал пүрэв гарагт мэдэгдэв.

АНУ өнгөрсөн 6 дугаар сард Оросын эсрэг хоёрдогч хориг арга хэмжээгээ өргөжүүлж, ОХУ-тай бизнес эрхэлдэг гадаадын банкуудыг шийтгэх эрхийг Сангийн яаманд олгосон. ОХУ-ын Забайкальскийн бүс нутагт хамгийн томд тооцогдох Зашуланскийн нүүрсний ордыг En+ болон Хятадын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорацийн (CHN Energy) хамтран байгуулсан Разрезугол компани ашиглаж байгаа. "Бид энэ чуулган дээр уг төслөө үргэлжлүүлэн хэлэлцэж, асуудлуудаа шийдвэрлэхийг зорьж байгаа. Бидэнд тулгарч буй гол асуудал бол хориг арга хэмжээтэй холбоотой. Эдгээр асуудлуудыг хурдан, хялбар шийдэж болохгүй байгаад манай Хятадын түншүүд санаа зовж байна” гэж En+ компанийн гүйцэтгэх захирал Владимир Колмогоров Владивосток хотод болсон Дорнын Эдийн Засгийн Чуулганы үед РБК мэдээллийн сайтад ярьжээ. “Разрезуголь” компани 742 сая тонн арилжааны нөөцтэй Зашуланский ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг 2013 онд авсан. “Шинхуа” групп (одоогийн “China Energy”)-ийн Хятадын түншүүд уг төслийг “Нүүрсний салбарт Хятад, Оросын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам” гэж нэрлэжээ.

“Коммерсант” сэтгүүлийн мэдээлснээр эрчим хүчний нүүрсний үнэ буурсан нь Хятадын компаниудын сонирхолд нөлөөлж, Зашуланский ордын төслийг түр зогсооход хүргэсэн. 2021 онд талууд ажлаа сэргээж эхэлсэн. 2023 онд түншүүд 2027 оны эцэс гэхэд жилд 5 сая тонн эрчим хүчний нүүрс олборлохоор тохиролцсон. Мөн En+ болон China Energy компаниуд нүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан. 2024 оны 4 дүгээр сард En+ компани Зашуланскийн ордыг ашиглахад 50 тэрбум рубль (557.8 сая ам.доллар)-ийн хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаагаа зарлав. Энэ хөрөнгийг нүүрсний уурхай, дэд бүтэц, төмөр зам, хурдны зам барих, машин, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулна.

Огноо: September 5, 2024

Эх сурвалж: themoscowtimes.com