Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Бүс нутгийн аюулгүй байдал, хөгжил дэвшил хоорондоо нягт холбоотой

Ч.Сансар

Бээжин “Бүс ба зам” санаачилгын ашиг сонирхлоо Төв Азийн бүс нутагт хамгаалах үүднээс анх удаа Төв Азийн орнуудын Олон нийтийн аюулгүй байдлын сайд нартай уулзалт зохион байгууллаа.

Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын сайд Ван Шяохун 9 дүгээр сарын 9-10-нд Жянсу мужийн Ляньюньган хотноо зохин байгуулагдсан Дэлхийн нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулганы хүрээнд Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг орнуудын сайд нартай уулзлаа.

Олон нийтийн аюулгүй байдал, дотоод хэргийн асуудлаар ярилцсан тус чуулган нь "аюулгүй байдлын хамтын нийгэмлэгийн мэдрэмжийг бий болгож, стратегийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой" гэж Ван хэлэв.

“Хятад улс терроризмын эсрэг болон үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг бэхжүүлж, Төв Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа дээшлүүлж, бүх нийтийн аюулгүй байдлыг хангахад бэлэн байна” гэж тэрбээр нэмж хэллээ.

Бээжин хөршүүдтэйгээ худалдаа, хөрөнгө оруулалт, аюулгүй байдлыг бэхжүүлэх хүрээнд 2023 онд болж өнгөрсөн “Хятад-Төв Ази” дээд хэмжээний чуулганаас хойш нэг жилийн дараа энэхүү уулзалт боллоо.

Бээжингийн Цинхуа их сургуулийн “Бүс ба Зам” стратегийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Зоон Ахмед Хан хэлэхдээ, “Энэхүү  уулзалт нь Төв Азийг “тогтвортой, тайван, хөгжил рүү чиглэсэн бүс нутаг болгох  зорилготой” гэжээ.

Өнгөрсөн 6 дугаар сард Хятад улс далайд гарцгүй Киргиз, Узбекистантай гурван улсыг холбосон төмөр зам барих гэрээнд гарын үсэг зурсан. “Бүс ба зам” санаачилгын нэг хэсэг болох уг төслийг 1990-ээд онд анх дэвшүүлж байсан ч техник, улс төр, геополитикийн асуудлаас болж гацсан юм.

Энэхүү 523 км урт төмөр зам нь Хятадыг Оросын нутаг дэвсгэрээр дайрахгүйгээр Европ руу гарах боломжийг олгоно. “Бүс ба зам” санаачилгын зорилтуудын нэг нь Ази, Африк, Европыг дамнасан хуурай замын сүлжээг өргөтгөх явдал юм.

Аюулгүй байдлын хамтын ажиллагааны сайд нарын уулзалт нь дэлхийн аюулгүй байдлыг сайжруулах, энх тайвныг хамгаалах зорилготой гэж тодорхойлсон Дэлхийн аюулгүй байдлын чуулгантай зэрэгцэн зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд 122 улс орон, бүс нутгийн хууль сахиулах байгууллагуудын төлөөлөгчид, мөн Интерпол зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. "Аюулгүй байдал болон хөгжил дэвшил   хоорондоо нягт холбоотой гэж Хятад, Төв Ази, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)  үздэг. Төв Ази бол "Бүс ба зам" санаачилгын эхлэл, ШХАБ-ын чухал бүс нутаг юм." гэж Хан хэллээ.

 

Эх сурвалж: The South China Morning Post (SCMP)