Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал боллоо

Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал 2024 оны 9-р сарын 19-ний өдөр боллоо. Хурлаар Монголбанкны Дотоод аудитын газар (ДАГ)-ын 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулав.

Тайлант хугацаанд төлөвлөгөөт 12 ажил, үүнд үнэт металл худалдан авалт, төсвийн, нягтлан бодох бүртгэлийн, банкны эрх хүлээн авагчийн түүнчлэн зарим салбарын үйл ажиллагаанд аудит болон хэсэгчилсэн шалгалт хийж, зайнаас хяналт тавих ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 

Монголбанк, Хятадын ардын банк хооронд байгуулсан валют солилцох хэлцлийн дүнгээр 2011-2016 оны хооронд үүссэн өрийг 2023 оноос барагдуулж эхэлсэн, түүний хүүний хэмжээ тодорхой хэмжээгээр буурсныг МБХЗ нааштай үнэлж, сайшаалаа. 

Цаашид Монголбанк нь төлбөрийн чадварыг дээшлүүлэх, чанаргүй актив, алдагдлыг багасгах, удирдлагын хэмжээнд хөндлөнгийн хяналтыг бий болгон чангаруулах, Төв банкны зохистой засаглалыг бий болгох, үйл ажиллагаандаа нийтийн санхүү, татвар төлөгчдөд дарамт үзүүлэхгүй байх Үндэсний эрх ашгийг хамгаалах зарчмыг баримталж ажиллахыг Хяналтын зөвлөлийн хурлаас цохон тэмдэглэв.  

Эцэст нь Монголбанкны тухай хуулийн төсөлд өгсөн ОУВС-ийн зөвлөмжийн хэрэгжилт болон Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журмын нэмэлт өөрчлөлтийн талаар гишүүд саналаа солилцож Монголбанкны холбогдох газрын удирдлагуудад хүргэсэн саналын талаар дахин авч үзэхээр тохиров.

Эх сурвалж: Монголбанк