Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Ханбогд сумуудад жилд 750,000 суулгац бэлтгэх хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих амлалтынхаа хүрээнд “Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Цогт-Овоо болон Ханбогд суманд тус тус 500,000 болон 250,000 модны тарьц, суулгацыг жил бүр бэлтгэх хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг байгуулан, хүлээлгэж өглөө.  “Оюу толгой” компанийн “Нэг зуун сая мод”  хөтөлбөрийн чухал зорилгын нэг нь ойжуулалт, үрийн нөөцийг бүрдүүлэх, мод үржүүлгийн дэд бүтцийг бэхжүүлэхэд чиглэсэн бөгөөд орон нутагт гурван мод үржүүлгийн газар байгуулсны хоёр нь ийнхүү Цогт-Овоо болон Ханбогд суманд биеллээ оллоо.

Нийт мод үржүүлгийн 10 газар байгуулахаар төлөвлөж байгаагийн 5-ыг нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогт-Овоо, Манлай, Баян-Овоо, Сэврэй сумдад барьж байгуулах аж.

Цогт-Овоо дахь мод үржүүлгийн газрыг Сум дундын ойн анги хариуцан ажиллуулж, эхний  2 жилийн менежментийн зардлыг “Оюу толгой” компани бүрэн хариуцах юм. Тус суманд мод үржүүлгийн газар хүлээлгэн өгөх арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга, Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга, Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын дарга болон Цогт-Овоо сумын удирдлагууд болон “Оюу толгой” компанийн төлөөллүүд оролцож, хамтын ажиллагааны үр дүн, ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлуудын талаар мэдээлэл солилцлоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нээлтийн ажиллагааны үеэр, “Мод үржүүлгийн газар амжилттай ажилласнаар суулгацыг Өмнөговь аймгийг ойжуулах ажилд хувь нэмэр оруулна” хэмээн онцоллоо. Тэрчлэн, “байгаль хамгаалах, ойжуулах  ажил зөвхөн Засгийн газрын ажил биш, хувь хүн, албан байгууллага бүгд оролцож хувь нэмрээ оруулж байж амжилттай хэрэгжинэ” хэмээн дурдаад, “Оюу толгой” компанийг энэ чиглэлд манлайлж, бүс нутагтаа өндөр жишиг тогтоож байгаад талархал илэрхийлсэн юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа: “Хамгийн гол нь мод үржүүлгийн газрын тогтвортой ажиллагаа, тохирсон цаг хугацаандаа эргэлддэг байх нь бодлогын гол зарчим” хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. “Тарьж суулгасан ургамлууд бүс нутгийнхаа хөрсөн дээр ургаж байгаагаараа онцлог буюу говь нутагт зориулсан суулгацуудыг бэлтгэж байгаа учир ургамлууд орчиндоо дасан зохицохдоо сайн, агаар салхинд тэсвэртэй” гэж Цогт-Овоо сумын ойн ангийн дарга П.Наранбат онцолж байлаа. Цогт-Овоо сумын сум дундын ойн ангийн ахмад ажилтан Ц.Хандаа, “Эх дэлхий дээр хүн болж төрсний хувьд мод тарих нь энэ насны буян. Хөлтэй бүхэн хөдөлж, гартай бүхэн хөдөлмөрлөж байж энэ сайхан эх орныг ойн төгөл болгоно” гэж иргэдийг уриалсан юм.

Ханбогд сумын хувьд, иж бүрэн тоноглогдсон, механикжсан мод үржүүлгийн төвийг орон нутгийн "ЭмЭЭм Комекс" компанид хүлээлгэн өгчээ. Ингэснээр, Ханбогд сумын эдийн засаг төрөлжиж, ойн салбар хөгжих үндэс суурь тавигдаж байна. "Оюу толгой" компани эхний хоёр жилийн менежментийн зардлыг хариуцах ба энэ хугацаанд орон нутгийн компанийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлнэ гэлээ. 2024 он гэхэд Ханбогд сумыг ухаалаг, ногоон хот болгон хөгжүүлэх үндсийг ийнхүү хамтдаа тавьж байгаа бөгөөд үүнд мод үржүүлгийн газар чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Орон нутгийн хэлтсийн Ерөнхий менежер Г. Сугар: “Оюу толгой болон Ханбогд сум урт хугацаанд хамтран ажилласан түүхтэй. Тогтвортой хөгжил, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг салбаруудад хийж буй Оюу толгой компанийн хөрөнгө оруулалт сумын эдийн засгийг төрөлжүүлэх, бие даан хөгжихөд чухал ач холбогдолтой” хэмээн мэдэгдсэн юм.

“Рио Тинто” компанийн Тогтвортой хөгжлийн Бизнес түнш И.Коллеен: “Оюу толгой” компанийн ажилтнууд 100 сая мод тарьж ургуулах энэхүү их үйлсийг хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь нөхцөлийг нарийн тооцоолон, нягтлан үзсэн нь үнэлж баршгүй. Түүнчлэн, боловсрол болон судалгаа шинжилгээнд оруулж буй хөрөнгө оруулалт нь мод тарихтай эн тэнцэхүйц ач холбогдолтой билээ. Энэ нь зөвхөн өнөөдөрт төдийгүй Монголын ирээдүй хойч үед олон арван жилийн дараа ч эерэг нөлөө үзүүлэх, тууштай үргэлжлэх, цэцэглэн хөгжих хөтөлбөр гэдгийг батлан харуулж байна” хэмээн ярьж байна. 

Тогтвортой хөгжлийн Ерөнхий зөвлөх Б. Ууганбаяр: “Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Манлай, Баян-Овоо суманд мод үржүүлгийн газар барьж байгуулж, ирэх жил мод тарих ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Тэрчлэн Сэврэй суманд тендерийн ажил дуусаж, орон нутгийн компани шалгарчээ. Үүнээс гадна, Богд Уулын Түргэний аманд 70 га газрыг ойжуулж, 175,000 мод тарьсан байна. Хариуцлагагүй уул уурхайд өртсөн газруудыг нөхөн сэргээх ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 400 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн бол энэ жил Дархан-Уул аймагт 205 га газарт нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ.  Мөн Сэлэнгэ аймагт 400 га талбайд ойжуулалтын ажил эхлүүлж, 2 мянган га талбайг ойжуулах тендер зарлагдсан байна.

Ийнхүү "Оюу толгой" компани 100 сая мод тарих амлалтаа хэрэгжүүлж, ойжуулалтын ажлууд, ирээдүйд байгаль орчныг хамгаалахад томоохон хувь нэмэр оруулах төслүүд нь үргэлжилсээр байна.

“Оюу толгой” компани “Нэг зуун сая мод” хөтөлбөрөөрөө хийхээр төлөвлөсөн онцлох ажлуудаас дурдвал: 

  • Монгол орны үндсэн ойн санг бүрдүүлдэг сэрүүн бүсийн ой тархсан Сэлэнгэ, Хэнтий, Төв, Архангай аймгуудын нутаг дэвсгэрт ойжуулалт хийж 42 сая мод тарих;
  • Монгол орны ойн нөөцийн чухал бүрдэл хэсэг болсон заган ойг нөхөн сэргээх, заган ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх замаар цөлжилтийг сааруулах, шар шороон шуурганы эрчмийг бууруулах зорилгоор 6.5 сая заг болон говийн модлог ургамлаар ойжуулах;
  • Агро-ойн зурвас, жимсний аж ахуйг байгуулах, томоохон голуудын татмыг ойжуулах замаар урсцыг хамгаалах, нэмэгдүүлэх зорилгоор 3.2 сая мод тарих;
  • Агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж эрүүл, ээлтэй амьдрах орчныг бий болгох зорилгоор 200 га талбайд ногоон байгууламж байгуулах;
  • 360 га талбайд авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах; хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, эзэнгүй орхигдсон 500 га газрыг нөхөн сэргээх, ойжуулах
  • Ойн салбарын мэргэжилтэн бэлтгэх, гадаад дотоодын их сургуулиудын хооронд багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, ойн мэргэжлээр дотоодын их сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөр зарлах;
  • Ойн салбарт судалгаа, хөгжүүлэлт хийх; тарьц суулгацын нөөцийг нэмэгдүүлэхэд бага, дунд оврын 10 мод үржүүлгийн газар байгуулах;
  • Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан бага, дунд оврын 10 хүртэлх мод үржүүлгийн газрыг дэмжин тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэрэг юм.