Р.Ренчин
Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын огтлолцлын цэгийг Засгийн газрын хуралдаанаар /2021.11.17/ тохирсноос хойш удтал хүлээлгэсний эцэст уг чиглэлийн төмөр замын огтлолцлын цэгт ачаа, бараа шилжүүлэн ачих байгууламж, хил холболтын бүтээн байгуулалтын ажил хүлээгдээд байгаа юм. Хамгийн сүүлд буюу дөрөвдүгээр сарын 2-нд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих тухай’’ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. Түүнээс хойш уг ажил тодорхой ахицгүй байсан гэж хэлж болно. Тэгвэл хил холболтын бүтээн байгуулалт болон гүүр барих ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод буцах замдаа БНХАУ-д ажиллалаа. Тэрбээр БНХАУ-д ажиллах үеэрээ “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Люй Гуоюэтэй уулзаж, дээрх ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.
“Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Лю Гуоюэ Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Монгол Улстай тогтвортой бөгөөд урт хугацаанд хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа дурдав.
Дашрамд дурдахад, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний ордыг улсын хилтэй холбох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд эхлүүлж, хил хүртэлх 233.6 км төмөр замыг барьж 2022 онд ашиглалтад оруулсан билээ. Энэхүү төмөр замын үргэлжлэл болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл хэдий ч улс төрийн гацаанд орж, сүүлийн 16 жилийн турш яриа хэлэлцээрийн түвшинд байсаар ирсэн. Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замыг бүрэн ашигласнаар нүүрсний экспорт 30 сая тонноор нэмэгдэх юм.