Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажилд санхүүжилтийн асуудал үүслээ

Р.Ренчин

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа билээ. Тус үйлдвэрийг барих ажил нь үндсэн дөрвөн багц ажлаас бүрдэж байгаа бөгөөд дөрөв дэх багц ажлыг эхлүүлэхэд нэмэлт санхүүжилт шаардлагатай болжээ. 

Тодруулбал, МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар /2024.10.21/ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох төсөл 2019 оноос эхэлсэн. Бид дөрвөн багцад хувааж ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний багц дуусах шатандаа яваа. Харин хоёр, гуравдугаар багц хэрэгжээд явж байгаа бол дөрөвдүгээр багц дээр нийт санхүүжилт хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсэж, 431 сая ам.доллароор нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Цар тахлын дараагаар бүтээн байгуулалтын өртөг хэд дахин өссөн учраас ийм асуудал үүсэж байна. Энэтхэгийн "Экзим" банкнаас 431 сая ам.долларыг нэмж авах гэрээг байгуулснаар энэ төсөл зогсолтгүй явах нөхцөл бүрдэнэ” гэлээ.

Үүссэн асуудлаар Энэтхэгийн талтай ярилцаж, хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулснаар санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. 

Тус үйлдвэр нь жилд 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай байна гэж тооцоолж байгаа. Ингэснээр нийт хэрэглээний 55 хувийг тус үйлдвэр хангах юм. Мөн тус үйлдвэрийг 2027 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ.