Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ХӨГЖЛИЙН ТӨСӨВ

И.Отгонжаргал

Cангийн яамны зүгээс 2025  оны төсвийг хөгжлийн бүтээн байгуулалтад чиглүүлж, төсвийн төлөвлөлтийн шинэчлэлтийг хийж чадсан гэж үзэж байна. Энэ хүрээнд  дараах гурван шинэчлэлтийг хийсэн байна. Хөгжлийн бүтээн байгуулалтын төслийг санхүүжүүлэхэд ДНБ-ий 4%-иас дээш хөрөнгийг зарцуулна. Төсвийн урсгал зардлыг ДНБ-ий 30%-иас хэтрүүлэхгүй хязгаарлана. ДНБ-ий 2-оос дээш хувиар Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийг төлнө (Өрийг нэрлэсэн үнээр тооцно) гэжээ.

Улсын төсвийн нийт санхүүжилт 35.7 тэрбум төгрөг бол үүнээс урсгал зардал нь 24.5 тэрбум төгрөг байна. Түүнчлэн "Хөгжлийн төлөөх зориг" уриатай ажиллаж буй Хамтарсан Засгийн газрын зүгээс төсвийн хөрөнгө оруулалтыг ч мөн хөгжилд чиглүүлж төсөвлөсөн гэдгээ онцолж буй юм. Тиймээс 2024-2028 оны 4 жилийн хугацаанд 14 мега төсөл, нийт 149 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Мөн 2025 оны төсвийг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан төлөвлөсөн бөгөөд хөгжлийг 5 бүсэд хуваан авч үзсэн гэдгээрээ онцлог.

Баруун бүс: Тогтвортой хөгжлийн бус. 

Хойд бүс: Аялал жуулчлал, аж үйлдвэрлэлийн хөгжлийн бүс. 

Төвийн бүс: Эрүүл хүнс үйлдвэрлэгч, экспортлогч бүс.

Хангайн бүс: Дэлхийн нүүдэлчдийн голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүс. Зүүн бүс: Олон улсын худалдаа, тээвэр ложистикийн таталцлын бүс.

Говийн бүс: Үндэсний баялгийн санг бүрдүүлэгч бүс хэмээн тодотгон авч үзжээ. Эдгээр бүсэд 2024-2050 он хүртэл улсын төсвөөр 3 үе шаттай 220 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн аж.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бүсийн болон хүний хөгжил, эдийн засаг, засаглалыг хөгжүүлэхээр авч үзэхдээ мөн 5 бүсийг дэд бүс болгон ангилж үзжээ. Тухайлбал,

Баруун бүс эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс,

Хойд бүс байгалийн ачлал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрлэлийн дэд бүс.

Төвийн бүс хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс, Хангайн бүс уламжлалт мал аж ахуй төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс, 

Зүүн бүс түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс,

Говийн бүс аж үйлдвэрийн төрөлжсөн, ногоон эрчим хүчний дэд бүс.

"Таван тойрог" авто зам, Боомтын бүтээн байгуулалт, "Өөдөө тэмүүлэх Монгол" ган татлагат гүүр, Туулын хурдны зам, Улаанбаатар хотын "Шинэ их тойруу" хурдны зам, "Шинэ Хархорум хот, Хөшигийн хөндийн туннел, Эрчим хүчний шинэ эх үүсвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор зэргийн хөгжлийн бүтээн байгуулалт хэмээн үзжээ. Эдгээрийг 2024 оны төсвийн тодотголоор дээрх төслийн бэлтгэл ажлыг хангах, 2025 оны төсөвт тусгажээ. Улсын төсөв болон гадаад зээлийн хөрөнгө оруулалтаар хийнэ. 2025 оны төсөв нийт 10.3 их наядын санхүүжилттэй. Үүнээс 38% нь улсын төсөв буюу 4.3 их наяд төгрөг. Эрэмбээр нь авч үзвэл энэ санхүүжилт дээр бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтыг санхүүжүүлнэ гэжээ. Гадаад зээл тусламж 27% буюу 2.6 их наяд төгрөг. Эрэмбээр нь үндэсний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, орон нутгийн санхүүжилт 35% буюу 3.4 их наяд төгрөг. Эрэмбийн хувьд орон нутгийн төсвөөр Улаанбаатар хотын суурь асуудлыг шийдэх, орон нутагт нэн шаардлагатай жижиг төслүүд болон төрийн үйлчилгээг тасралтгүй явуулахад хэрэгцээтэй төслүүдийг санхүүжүүлэхээр заажээ.

Түүнчлэн дээрх улсын төсөв, гадаад зээл тусламжийн 10 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг салбараар нь ангилж харах юм бол,

-зам тээвэрт 24%,

-дэд бүтэц, орон сууцжуулалтад 10%,

-боловсролын салбарт 9%,

-төрийн үйлчилгээнд 8%,

-эрчим хүчинд мөн 8%,

-аж үйлдвэрт 7%,

-бусад 35% хуваарилагдахаар байна.

2025 онд улсын төсвөөс хийгдэх шинэ хөрөнгө оруулалт зам тээвэр, орон сууцжуулалт, эрчим хүч гэсэн 3 чиглэлд 3.5 тэрбум төгрөг байх юм.

Тэгэхээр 2025 оны төсөв Хамтарсан Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх "хөгжлийн бүтээн байгуулалт" бодлоготой уялдсан маш данхар төсөв болсон гэж хэлж болно. Тухайлбал, 2023 онд 22 их наяд төгрөг байсан төсвийн зардал 2025 онд 36 их наяд төгрөг болоод буй.

Сүүлийн өдрүүдэд төсвийн төслийн мэдээллүүд албаны зүгээс сэтгүүлчдээр дамжин нийгэмд цацагдаж, эдийн засагчид төсвийг тал талаас нь нэлээд шүүн тунгаан хэлэлцэж буй билээ. Эдийн засагчдын үзэж буйгаар төсвийн зардал хэт тэлсэн, дэд бүтцийн бүтээн байгуулалт голлосон ч импортыг нэлээд дэмжиж, инфляцыг өсгөх нигууртай хэмээн дүгнэж байгаа юм.

Та бүхэн анзаарч байгаа байх. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ган хайлуулах үйлдвэр зэрэг хүнд аж үйлдвэрийн томоохон төслүүд цөөнгүй бий ч улсын төсвийн болон гадаад зээл тусламжаар санхүүжих төсөлд огт ороогүй байна. Хүнд аж үйлдвэрийн төслүүдийг дан хувийн хөрөнгө оруулалтаар хийнэ гэж үзсэн билээ. Тэгэхээр хүнд аж үйлдвэрийн томоохон төслүүд дээр хувийн хөрөнгө оруулалт татаж, хөдөлгөхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр ихээхэн анхаарч байна.

Мөн энэ удаагийн төсөвт тодотгон хэлэх нэгэн зүйл. Энэ бол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт. Баялгийн сангийн Ирээдүйн өв сангийн хуримтлалыг Сангийн яам, Хуримтлалын санг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн санг Эдийн засгийн яам тус тус удирдан, зарцуулна. Тухайлбал, Хуримтлалын санд 2024 онд 499.5 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуримтлуулсан байна. Хуримтлалын сангийн мөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууц гэсэн 3 чиглэлээр санхүүжилт гаргана. Тэгвэл 2025 оны төсвийн жилд эрүүл мэнд, боловсролоос илүү утааr бууруулах зорилгоор орон сууцжуулах нь чухал юм гэж Засгийн газар үзжээ. Тиймээс Орон сууцны санхүүжилтэд 2025 онд 507 тэрбум төгрөг тавьсан байна.

Бүтээн байгуулалтын хувьд Засгийн газраас эхний ээлжинд боомтын буюу экспортын зам хоёрдугаарт, аялал жуулчлалын зам тавихад ач холбогдол өгч байна. Эдийн засгийг нуруундаа үүрч явдаг хувийн хэвшлийг том төслүүдийн бүтээн байгуулалтад урьж байгаа бөгөөд төрөөс дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хийж бусад бүх ажлыг хувийн хэвшилд даатгана гэв.

2024 оны хагас жилийн байдлаар эдийн засгийн идэвхжилттэй холбоотой 68.000 ажлын байр шинээр бий болсон аж. Тэгвэл Сангийн яамныхны дотооддоо эхний хийсэн тооцоогоор 2025 оны төсвийн жилд 30.000 ажлын байр бий болно гэж үзэж байна.

Эцэст нь тэмдэглэхэд түүхэнд байгаагүй олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх 2025 оны төсвийг өмнөхөөс ч өөдрөгөөр төсөөлөөд буй. Ингэхдээ нүүрсний үнийг төсөвт дунджаар 105 ам.доллар байхаар тооцож, багадаа 80 гаруй сая тонныг экспортлох боломжтой гэж үзжээ. Хэрвээ Засгийн газрын найдлага тавиад байгаа төмөр замаа Хятадын талтай холбочихвол нүүрсний экспорт төсөвлөснөөс даруй 20 сая тонноор нэмэгдэх боломжтой буюу 100 сая тонныг экспортлох боломжтой гэж үзэж байгаа аж.

Төсвийн төслийг өнгөрөгч 8 дугаар сарын 30-нд УИХ-д өргөн барьсан. Тиймээс төсөв батлагдтал ирэх өдрүүдэд төсвийг иргэд олон нийт олон талаас нь сонирхон хэлэлцэх биз ээ. Бид ч дараагийн дугаартаа удахгүй УИХ-аар батлах төсвийн талаар илүү дэлгэрэнгүй нийтлэх болно.