Австралийн Сидней хотноо энэ сарын 29-31-ний өдрүүдэд "IMARC 2024" олон улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарын чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. Тус уулзалтаар уул уурхайн салбарын нөлөө бүхий хүмүүс нэг дор цугларч, санал, туршлага солилцдог билээ.
Энэ жилийн арга хэмжээний эхний өдөр "Mongolia Day" өдөрлөг зохион байгуулагдах гэж байна. Өдөрлөгийн үеэр Монгол Улсын хамтарсан Засгийн газрын уул уурхайн салбарт баримтлах бодлого, чиглэлтэй танилцаж, "Эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалтын орчин" сэдвийн хүрээнд салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй санал солилцох боломжтой ажээ.
Одоогоор "IMARC 2024" олон улсын уулзалтад 120 гаруй орны 800 орчим байгууллага, 9000 орчим оролцогчид хүрэлцэн ирэхээр төлөвлөөд байна. Чуулга уулзалтын үеэр байгаль орчинд тэсвэртэй байдал, уул уурхайн эрчим хүчний шилжилтийг хурдасгах, уурхайн төслийн хөгжлийг хурдасгах, уурхайг дижитал болгох талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.