Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКТ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ

Р.Ренчиндулам

"Эрдэнэс Монгол" нэгдэл зургаан байршилд үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Эдгээр паркт хүнд үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдэд төрөөс дараах татварын хөнгөлөлт үзүүлэхийг Шадар сайд С.Амарсайхан “Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулганаар зарлалаа.

  • НӨАТ-ыг 4 жил хойшлуулна
  • Гаалийн албан татвараас 4 жил чөлөөлнө
  • Газрын татвараас 10 жилээр 100 хувь чөлөөлнө
  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвараас 5 жилээр 100 хувь чөлөөлнө
  • Дараагийн таван жилийн НӨАТ-ыг 5 жилээр хойшлуулна

Зургаан байршилд байгуулах үйлдвэрлэл, технологийн паркийг томоохон орд газар, үйлдвэрүүд, түүний суурь дэд бүтцэд тулгуурлан байгуулж байгаа юм. Мөн уг байршилд үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлын хүрээнд 2030 он гэхэд нийт 10 мянга орчим ажлын байр шинээр бий болох юм байна.

1. Зэс боловсруулах цогцолбор: Орхон аймгийн Баян-өндөр, Жаргалант сумдын нутагт металлурги, химийн үйлдвэрлэл, метал хийц, эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр “Эрдэнэт” Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, катодын зэс, элементийн хүхэр, үнэт метал, зэс бүтээгдэхүүн, эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

2. Ган үйлдвэрлэлийн цогцолбор:  Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумдын нутагт металлургийн үйлдвэрлэлийн чиглэлээр   “Дархан” Үйлдвэрлэл, технологийн паркийг   байгуулж, ширэм, ган бэлдэц, барилгын арматур,  метал хийц, ХАА-н тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэнэ.

3.Жонш боловсруулах цогцолбор:  Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт жонш баяжуулах, боловсруулах, химийн үйлдвэрлэл, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр “Бор-өндөр” Үйлдвэрлэл, технологийн паркийг  байгуулж, жоншны 97%-ийн баяжмал, фторт устөрөгч, фторт хөнгөн цагаан  үйлдвэрлэхээр төлөвлөсөн.

4. Кокс химийн цогцолбор: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий  үйлдвэр байгуулна.

5. Нүүрс химийн цогцолбор:    1 дүгээр үе шатад 0.5 сая тонн/жил нүүрсийг хийжүүлэх, нийлэгжүүлэх  аргаар метанол үйлдвэрлэх хүчин чадалтай  “Багануур” Нүүрс-химийн үйлдвэ­рийг ашиглалтад оруулна.

6. Барилгын материал үйлдвэрлэ­лийн цогцолбор: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр “Хөтөл” Үйлдвэрлэл, технологийн паркийг  байгуулж, цемент, шохой, барилгын төрөл бүрийн материал үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 337 дугаар тогтоолоор "Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх журам" батлагдсан. Энэ журмын хүрээнд дээрх зургаан паркт татварын хөнгөлөлт үзүүлэх юм.