Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Цөмийн энергийн тухай хуульд АМНАТ-ийн суурь, өсөн нэмэгдэх, тусгай гэсэн төрлүүдийг хуульчилна

Р.Ренчиндулам

УИХ-ын чуулганы хуралдаанд 65 гишүүн оролцож, 51.6 хувийн ирцтэйгээр чуулган эхэллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үндсэн таван асуудлыг хэлэлцлээ.

  1. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонсоно.
  2. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  3. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  4. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
  5. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы эхэнд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулга дээр санал байгаа эсэхийг гишүүдээс асуухад асуулт ирээгүй тул эцсийн найруулгыг сонссонд тооцов. Ингээд хоёр дахь хэлэлцэх асуудалд оров.

Хоёр дахь хэлэлцэх асуудлын хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.  

"Монгол Улс 2009 онд Цөмийн энергийн тухай бие даасан хуулийг баталж, хүчин төгөлдөр үйлчилж эхлээд 15 жил өнгөрсөн хэдий ч тухайн төрлийн ашигт малтмалын үндсэн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн туршлага байхгүй, хуулийн хэрэгжилт сул хэвээр байна. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүйн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх суурь зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж, байгалийн баялаг тэр дотроо газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталгаажуулсан.

Мөн УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж, энэ сангийн хөрөнгийн эх үүсвэрийг АМНАТ-ийн тодорхой хувь болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгаас бүрдүүлэхээр хуульчилсан. Гэвч ҮБС-г бүрдүүлж байгаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, түүнийг нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулан тооцохтой холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн ерөнхий зохицуулалт нь цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах харилцааны онцлогт нийцэхгүй, холбогдох харилцааг бүрэн зохицуулах чадамжгүй байна. Өөрөөр хэлбэл, Цөмийн энергийн тухай хуульд эдгээр зохицуулалтыг орхигдуулснаас цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах, эдийн засгийн үр ашигтай хувилбарын сонголтыг хязгаарлаж, үр өгөөжийн дийлэнхийг хүртэж чадахгүй байх нөхцөл байдлыг үүсгэж байна.

Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах үйл ажиллагаанд аюулгүй ажиллагаа, уурхайн хаалт, хаягдлын менежмент, нөхөн сэргээлтийн санхүүгийн баталгааг хангах зохицуулалтыг нарийвчлан тусгах шаардлага хэрэгцээ байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн олон улсын сайн туршлагыг үндэслэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д танилцуулж байна.

Хуулийн төсөлд Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбарыг харгалзан Цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, эрх хэмжээг УИХ-д олгосон. Монгол Улсад эдийн засгийн үр өгөөжтэй байх хувилбар буюу АМНАТ-өөр орлуулан бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, төрөөс оруулсан хэмжээ зэргээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг Засгийн газраас өргөн мэдүүлснээр УИХ өөрөөр тогтоохоор тусгалаа. АМНАТ-ийн суурь, өсөн нэмэгдэх, тусгай гэсэн төрлүүдийг хуульчилж,

Суурь АМНАТ нь ашигт малтмалын борлуулалтын таван хувь байх,

Нэмэгдүүлэн тооцох АМНАТ нь зах зээлийн үнийн өсөлтөөс шалтгаалаад 0-9 хувь байхаар

Харин тусгай АМНАТ-ийг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан УИХ өөрөөр тогтоохоор тусгалаа.

Цөмийн энергийн салбарын гадаад хамтын ажиллагаа, экспорт өсч байгаа нөхцөлийг харгалзан гадаад улсын ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэх, булшлахыг хориглох. Мөн цацраг идэвхт ашигт малтмалыг хүдэр хэлбэрээр экспортлохгүй байх зэрэг заалтыг мөн тусгалаа.

Цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд цацрагийн хамгаалалт аюулгүй ажиллагааг хангаж, хүний эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн санхүүгийн баталгааг бүрдүүлж, тайлагналтыг хэрэгжүүлэх журмыг мөн тусгалаа.

Цөмийн энергийн салбарт хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэлх жилийн хугацаатай байгуулахаар заасныг тусгай зөвшөөрлийн хугацаатай ижил болгож тусгалаа.

Цөмийн энергийн тухай хуульд эдгээр нэмэлт өөрчлөлтийг оруулснаар ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэхийг ард түмэнд ногдуулах, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх Үндсэн хуулийн зарчим хэрэгжих нөхцөл хангагдана.

Мөн тухайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, шинэ төрлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, төсвийн орлого, ДНБ-ий өсөлт, ажлын байр нэмэгдэх, дэвшилтэд технологи мэдлэг, туршлага нэвтрүүлж, мэргэшсэн боловсон хүчний нөөц бүрдүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг бий болгохоос гадна Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн экспортлогч орон болох нөхцөл бүрдэнэ.

Цацраг идэвхт бүтээгдэхүүнтэй холбоотой үйл ажиллагаанд цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, хүний эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахад тавигдах шаардлагыг олон улсын түвшинд хүргэнэ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль түүнийг дагалдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжихийг хүсье" гэлээ. 

УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг хойшлууллаа.