Р.Ренчиндулам
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар өчигдөр /2024.10.31/ хэлэлцэж, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг хойшлууллаа.
Тиймээс Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой зарим гишүүдийн байр суурийг хүргэе.
Байгаль орчин, уур амьсгалын сайд М.Одонтуяа:
-Ураны олборлолтод бид хоёр жил тутамд хяналт тавина. Байгаль орчны багц хуулийн төслийн үзэл баримтлалыг энэ чуулганаар батлуулна. Багц хуулиа хаврын чуулганаар батлуулна. Ус ашигласны, ус бохирдуулсны төлбөрийг ч олборлогч компаниас авна. УИХ-ын гишүүд "Оюу толгой"-н Хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ гаргасан алдааг дахин давтаж болохгүй. Цөмийн энергийн хуульд өсөн нэмэгдэх АМНАТ-ын тухай заагаагүй, дээд тал нь 5 хувь гэж заасныг өөрчлөхөөр шинэ хуульд заасан байна. Дэлхийн зах зээлд ураны баяжмалын үнэ ямар байхаас хамаарч дээд тал нь 14 хүртэлх хувийн АМНАТ авах боломжтой. Үүн дээр ААНОАТ-аа ч авна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Манай улсад ураныг мэддэг хүн байхгүй. Хөндлөнгийн, хараат бус шинжээчид энэ гэрээний талаар ямар дүгнэлт гаргасан бэ? Энэ дүгнэлтийг л тойрч ярих ёстой юм. Бид энэ гэрээг байгуулснаар ураны баяжмал буюу шар нунтаг гаргана. Африкаар дүүрэн ураны баяжмал гаргаад ядуурсан улс байна. Энэ гэрээг байгуулснаар ердөө 3 тэрбум ам.долларын ашиг олох юм байна. Бид нүүрснээсээ ийм орлого олох тул энэ гэрээг эсэргүүцэж байна. “Орано” манай өрөм болсон ордыг олборлоно. Та нар хөршүүдтэй зөвлөсөн үү? Ураны баяжмалыг онгоцоор зөөхгүй, газраар л зөөнө шүү дээ. Ураны баяжмалаас цахилгаан үйлдвэрлэх үү?. Би жадлан эсэргүүцээгүй, тэгнэж хэвтээгүй шүү. Та нарын киног би үзсэн. Тэр кинонд ураныг долоож үзсэн гэж ярьсан. Гэхдээ иргэдэд мэдээлэл сайн хүрээгүй. Монгол энэ гэрээг байгуулснаар бусад улсыг ураны баяжмалаар хангадаг улс болох гэж байгаад гомдож байна. Бид "Оюу толгой"-н олон тэрбумын өртөгтэй курст ард нийтээрээ суусан атлаа сургамж авахгүй байна. “Орано” манай өрмийг авах гэж байна. УИХ-ын гишүүд "Оюу толгой"-н Хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ гаргасан алдаагаа дахин давтаж болохгүй.
“Мон-Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргал:
-Манай ШУА болон Франц, Канадын компаниудаар хөндлөнгийн судалгаа хийлгэсэн. Ураны баяжмалаас цахилгаан үйлдвэрлэх чадалтай таван л улс бий. Тэдгээр нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн таван улс, Франц нь тэдний нэг. Говийн гүний ус 20-25 метрийн гүнд байдаг. Уран 120-160 метрийн гүнд, шаварлаг элсэн давхарга дунд байдаг тул гүний усанд нөлөөлөхгүй. Бид газар доор уусган баяжуулах аргаар олборлоно. Газрын гүн рүү ус шахаж, тэр усанд уран уусахад нь дээш татаж аваад, уснаас уранаа салгаад усаа дахин доош шахаж ашиглана. Усанд элсэн чихэр уусгахтай адил процесс газрын гүнд болно гэсэн үг. Гүн рүү шахах шингэний 99 хувь нь ус, 1 хувь нь хүхрийн хүчил байх юм.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Бид төслийн явцад санхүүгийн ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй. Нийт төслийн хугацаанд 5 тэрбум ам.долларын ашигтай ажиллана. Жилд төсвийн орлогод 135 сая ам.доллар орно гэсэн урьдчилсан ТЭЗҮ байна. Улсын төсөвт 69 сая, орон нутагт 30 сая, Ирээдүйн өв санд 36 сая, Хуримтлалын санд 18 сая ам.доллар тус тус хуримтлуулна.
Төслийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд хуулийн орчноо цэгцлээд дараа нь “Орано”-той байгуулах гэрээний төслөө Засгийн газар, УИХ гэсэн дарааллаар хэлэлцүүлнэ. Засгийн газрын зардлыг бууруулахын тулд энэ төслийн 10 хувийн хувьцааг эзэмшинэ, 34 хувь биш. Харин АМНАТ-ийн суурь 5 хувийг ямар ч үед авна. Харин тусгай АМНАТ хэд байх вэ гэдгийг УИХ шийднэ. Энэ нь төсөл бүрд харилцан адилгүй байдаг. Зах зээлийн үнэ ханшаас хамгаараад Зөөвч-Овоогоос 9 хүртэлх хувийн АМНАТ авахаар тохирсон нь одоогийн байдлаар хамгийн өндөр хувь.
Ерөнхийлөгч Монгол Улсад ашигтай байх протоколд гарын үсэг зурснаар хойш хэлэлцээ бүтэн жил үргэлжилж байгаа тул хуулийн төслийг яаралтай горимоор оруулж ирлээ. Энэ төсөл санхүүгийн хувьд ашигтай. Засгийн газар төслөөс эзэмших хувиа 34-өөс 10 болгон бууруулснаар ногдол ашгийг иргэн бүр хүртэх боломжтой. Энэ нь илүү ашигтай хувилбар.
32 улс 440 цөмийн реактор ашиглаж байна
Дэлхий нийтийн жишгээс үзэхэд цөмийн түлш ашиглан 1кВт цаг эрчим хүч үйлдвэрлэхэд нүүрс ашиглахаас 68 дахин бага хэмжээгээр хүлэмжийн хий ялгаруулдаг бөгөөд 1кг цөмийн түлш нь 100 мянган килограмм буюу 2 вагон нүүрсний хэрэглээтэй тэнцдэг ажээ.
Мөн дэлхийн зах зээлд цөмийн түлш ураны хэрэглээ жил бүр тасралтгүй хөгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 32 улс 440 цөмийн реактор ашиглаж байгаа бол шинээр барьж байгаа 63, барихаар төлөвлөсөн 88, ирээдүйд төлөвлөж байгаа 344 реактор байна.
Олон улсын атомын энергийн агентлагаас ураны эрэлт 2024 онд 93 мянган тонн байгаа бол 2050 онд 177 мянган тонн болж нэмэгдэх тооцооллыг гаргажээ.
Өнөөгийн байдлаар Монгол Улсад 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэгдсэн нь дэлхийн ураны нөөцийн 3 хувийг бүрдүүлж байна. Нөөцийн хэмжээгээр дэлхийд 10-т жагсаж байна.
Монгол Улс 2009 онд Цөмийн энергийн тухай бие даасан хуулийг баталж, хүчин төгөлдөр үйлчилж эхлээд 15 жил өнгөрсөн хэдий ч тухайн төрлийн ашигт малтмалын үндсэн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн туршлага байхгүй, хуулийн хэрэгжилт сул хэвээр байна.
2024 онд УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж, энэ сангийн хөрөнгийн эх үүсвэрийг АМНАТ-ийн тодорхой хувь болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгаас бүрдүүлэхээр хуульчилсан. Гэвч ҮБС-г бүрдүүлж байгаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, түүнийг нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулан тооцохтой холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн ерөнхий зохицуулалт нь цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах харилцааны онцлогт нийцэхгүй, холбогдох харилцааг бүрэн зохицуулах чадамжгүй байна. Өөрөөр хэлбэл, Цөмийн энергийн тухай хуульд эдгээр зохицуулалтыг орхигдуулснаас цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах, эдийн засгийн үр ашигтай хувилбарын сонголтыг хязгаарлаж, үр өгөөжийн дийлэнхийг хүртэж чадахгүй байх нөхцөл байдлыг үүсгэж байна.
Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах үйл ажиллагаанд аюулгүй ажиллагаа, уурхайн хаалт, хаягдлын менежмент, нөхөн сэргээлтийн санхүүгийн баталгааг хангах зохицуулалтыг нарийвчлан тусгах шаардлага хэрэгцээ байгаа юм.
Хуулийн төсөлд Цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, эрх хэмжээг УИХ-д олгосон. Монгол Улсад эдийн засгийн үр өгөөжтэй байх хувилбар буюу АМНАТ-өөр орлуулан бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, төрөөс оруулсан хэмжээ зэргээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг Засгийн газраас өргөн мэдүүлснээр УИХ өөрөөр тогтоохоор тусгалаа. АМНАТ-ийн суурь, өсөн нэмэгдэх, тусгай гэсэн төрлүүдийг хуульчилж,
Суурь АМНАТ нь ашигт малтмалын борлуулалтын таван хувь байх,
Нэмэгдүүлэн тооцох АМНАТ нь зах зээлийн үнийн өсөлтөөс шалтгаалаад 0-9 хувь байхаар
Харин тусгай АМНАТ-ийг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан УИХ өөрөөр тогтоохоор тусгажээ.
Цөмийн энергийн салбарын гадаад хамтын ажиллагаа, экспорт өсч байгаа нөхцөлийг харгалзан гадаад улсын ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэх, булшлахыг хориглох. Цацраг идэвхт ашигт малтмалыг хүдэр хэлбэрээр экспортлохгүй байх зэрэг заалтыг мөн тусгаад байна.
Цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд цацрагийн хамгаалалт аюулгүй ажиллагааг хангаж, хүний эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн санхүүгийн баталгааг бүрдүүлж, тайлагналтыг хэрэгжүүлэх журмыг мөн тусгажээ.
Цөмийн энергийн салбарт хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэлх жилийн хугацаатай байгуулахаар заасныг тусгай зөвшөөрлийн хугацаатай ижил байхаар тусгасан байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль түүнийг дагалдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ч мөн хэлэлцэх юм.