Тавантолгойн ордоос нүүрсийг вагонд ачиж тээвэрлэх логистикийн төвийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын комиссын дүгнэлтээр энэ сарын 1-нээс байнгын ажиллагаанд оруулахад бэлэн боллоо.
Таван толгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ) нь нэгдсэн удирдлагын байр, засварын төв агуулах, уурын зуух зэрэг үндсэн барилгаас гадна бутлуур, туузан дамжуурга, овоологч тэжээгч, вагон тэжээгч зэрэг тоног төхөөрөмж бүхий дагалдах байгууламжаас бүрдэнэ.
ТНАЛТ-ийг байгуулснаар жилд 20 сая тонн, цагт 3500 тонн түүхий нүүрсийг дэлхийн жишигт нийцсэн технологийн дагуу буталж, ангилан, хольж, дамжуулан ачих байдлаар хоёр улсын хил хооронд зөөж тээвэрлэх юм. Ингэснээр нүүрс тээврийн зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэйгээр олборлолтын хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой болох юм.
Засгийн газрын ойрын хугацаанд хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг болох Монгол Улс, БНХАУ-ын хооронд Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замыг холбосноор экспортын ачаа тээврийн эргэлтийг илүү сайжруулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой болох юм.