Ням гарагт Бээжин хотод болсон Индонез-Хятадын бизнес форумын үеэр Хятад, Индонез хоёр улс 10 тэрбум ам.доллар бүхий хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээнд талууд хүнс, эрчим хүч, технологи, биотехнологи зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцсон гэж Хятадын төрийн хэвлэл мэдээллээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Прабово Индонезийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсаны дараа анхны айлчлалаа Хятадад ийнхүү хийж байгаа аж. Энэ нь Жакарта Бээжинтэй стратегийн харилцаагаа бэхжүүлэх сонирхолтой байгааг харуулж байна.
Хоёр улс цахилгаан автомашин, литийн батарей, фотоволтайк, дижитал эдийн засаг зэрэг салбарт хамтын ажиллагаагаа сайжруулахаар тохиролцлоо. Мөн эрчим хүчний шилжилт, ашигт малтмалын олборлолт, нийлүүлэлт, аж үйлдвэрийн сүлжээг бэхжүүлэх зэрэг асуудлууд дээр хамтран ажиллах юм.
Уг форумын хүрээнд Хятадын батарейны материал үйлдвэрлэгч "GEM" компани, Индонезийн "PT Vale" компанитай Төв Сулавеси мужид никель боловсруулах үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурлаа. Индонези бол дэлхийн хамгийн том никель үйлдвэрлэгч бөгөөд тус улсын никелийн салбарт "Tsingshan Holding Group", "Zhejiang Huayou Cobalt" зэрэг Хятадын компаниуд ноёрхдог юм.
Технологийн салбарт Индонезийн "GoTo Gojek Tokopedia" компани Хятадын "Tencent" болон "Alibaba"-тай хамтран үүлэн систем, цахим салбарт залуучуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх гэрээг байгуулав.
Хоёр улс урт хугацааны, олон удаагийн виз олгох, эрэлт хэрэгцээнд тулгуурлан шууд нислэг болон чиглэлийг нэмэгдүүлэх, орон сууцжуулах, Индонезоос Хятад руу наргил модны самар экспортлох зэрэг олон төслүүд дээр ажиллана гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Эх сурвалж: reuters.com