Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замд зориулан хуулиа өөрчлөх шаардлага үүсчээ

Р.Ренчиндулам

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг хэрэгжүүлэхийн тулд зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсчээ. Тиймээс ажлын хэсэг энэ талаар УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулж,  УИХ-аар оруулахаар төлөвлөжээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл нь "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгагдсан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй төсөл билээ. Тэр ч утгаараа ач холбогдол өгч Ерөнхий сайд урд хөршид айлчлах үеэрээ “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулаад ирсэн. Гэхдээ төслийг хэрэгжүүлэхийн тулд зарим хуулиа өөрчлөх шаардлагатай байгаа гэнэ. Тиймээс АҮЭБ-ийн сайд Ц.Туваанаар ахлуулсан ажлын хэсэг холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж. Мөн УИХ дахь намын бүлгүүдэд энэ талаар танилцуулж,  УИХ-аар оруулах зэрэг шат дараатай ажил хийхээр төлөвлөжээ. 

Сонирхуулахад, арав гаруй жил яригдаж буй уг төслийг бодит ажил хэрэг болгохын тулд БНХАУ тэр дундаа "Чайна-Энержи групп"-ын зүгээс манайд ямар ч болзол тавихгүй байгаа аж. Харин хоёр талын хамтын ажиллагааны түүх, тогтвортой хууль эрх зүйн орчин, үр ашигт хүргэх нөхцөлийг баталгаатай байлгах, мөн урт хугацааны худалдааны гэрээ, нүүрсний ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон төмөр замын холболтын талаар хэд хэдэн тодорхой саналыг тавьсан байна. Товчхондоо энэ төслийг хэрэгжүүлээд, эргэж буцсан шийдвэр дахиж гаргалгүй төмөр замыг урт хугацаандаа харилцан ашигтайгаар ашиглах хүсэлтэй байгаа аж. 

Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч зэрэг төмөр замын төсөл болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ Монгол Улсын нүүрсний экспортыг 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.000 ам.долларт хүргэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.