Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хураалтыг маргааш явуулахаар боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2024.11.14/ болж, хуралдаанаар үндсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцлээ. Мөн хурлын ирц 87.3 хувьтай байлаа.  

  • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Баталсан хууль, тогтоолын эцсийн найруулга
  • “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэрэг багтаж байгаа бөгөөд хэлэлцэх асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, хариулт авлаа.   

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагаад Татвар, Хөрөнгө оруулалт, Компанийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа. 2009 онд байгуулагдсан Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор одоогоор Лондоны арбитрын шүүх дээр татварын маргаантай байгаа. Ийм үед Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нь айлын талд болон манай талд яаж тусах вэ. Айлын талд давуу байдал үүсгэх үү?

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн дарга Б.Пүрэвдорж: Арбитрын хуралд Сангийн яамнаас төлөөлөл оролцож байгаа. Та тодорхой санал гаргах хэрэгтэй. Энэ асуултад Б.Жавхлан гишүүн тайлбар өгнө.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: Бид цаашид улам туршлагажиж, улсад ашигтай гэрээг хийх болно. Оюутолгойн татвартай холбоотой маргаан нь одоо бидний нарийвчлах татварын хувь хэмжээ, элэгдэл хорогдол, алдагдал шилжүүлэх хугацаатай огт хамааралгүй. Энэ нь аргачлалын хүрээнд маргаж байгаа асуудал. Маргах боломжийг нь өргөн хүрээнд өгчихсөн юм билээ бид. Тухайлбал, зардлыг бүртгэх эсэх, хиймлээр өсгөсөн, хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх, хөрөнгийн ангилал /барилга, тоног төхөөрөмж/, ханшийн хөрвүүлэлт, давхар даатгалын гэрээг ашиглах эсэх, үнэ шилжүүлэлт зэрэг аргачлалын асуудлууд байгаа. Дээр ярьсан гурван зүйлээр эдгээрийг маш нарийвчилж байгаа. Хэрэв энэ гэрээг энэ хэвээр нь баталбал Оюутолгой биднээс аль болох холдоно. Өөрөөр хэлбэл, маргах асуудал нь үгүй болно. Улам тодорхой, ойлгомжтой болно гэсэн үг. Энэ цаашдын хөрөнгө оруулагчдад ч ойлгомжтой болж ирнэ. Үүнд 100 хувь итгэлтэй байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Оюутолгойтой холбоотой арбитрын маргаан нь бүхэлдээ АМНАТ-ийн татвар тооцох аргачлал, хүчингүй болсон давхар татварын гэрээ, татвар тооцох субъект, валютын ханшийн зөрүү гэсэн асуудлууд дээр байгаа. Энэ маргаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

УИХ-ын гишүүн, АҮЭБ-ийн сайд Ц.Туваан: Энэ өөрчлөлтөөр Лондоны Арбитрын шүүх дээр давуу байдал үүсэхгүй. Татварын хувь хэмжээ, элэгдэл хорогдол, алдагдал шилжүүлэх хугацаа зэрэг Татварын хуульд орж байгаа тогтворжуулах саналууд нь тодорхой байгаа. 1.4 их наяд төгрөгийн маргааныг яриад байх шиг байна. Татварын ерөнхий газраас үүнд акт тавигдсан. Энэ мөнгө монголын талд татагдаад ороод ирчихсэн байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Татвар тогтоох нь УИХ-ын онцгой бүрэн эрх. Гэтэл Сангийн сайд татварыг ихэсгэж, багасгаж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна. Үүнийг Үндсэн хуультай нийцүүлэх тал дээр Сангийн сайд ямар бодолтой байна вэ.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: Аргачлалаар татвар тогтооно гэж байхгүй. Татвар дээр нарийвчлалтай, процессын зүйл маш олон бий. Татвар, Гаалийн байцагч нарт ч ойлгомжгүй олон зүйл гарч ирдэг. Үүнийг нь нарийвчилдаг болохоос аргачлалаар тогтворжуулалттай холбоотой энэ гурван зүйлийг зохицуулна гэж байхгүй. Тиймээс таны хардаад байгаа зүйл үүсэхгүй гэдгийг дахин дахин хэлье.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Бид цацраг идэвхт ашигт малтмалын талаар ярьж байгаа. Өнөөдрийн энэ асуудлыг би жадлан эсэргүүцээгүй. Харин битгий муутгаарай л гэж байгаа юм. 2015 онд Францууд 34 хувийг Монголд өгөөд 9.5 хувийн рояалти төлье гэж байсан байна. Үүнээс яагаад муутгаад оруулаад ирж байгаа юм бэ. Одоо бид үнэ өсвөл 0-9 хувийг авна гэж байна. Эдийн засгийн үр ашиг ийм муу байна. 34 хувиа өгчихвөл буцааж авахад асуудал үүснэ. Энийг яах юм бэ. Мөн 750 сая тонн онц аюултай хог хаягдлыг газарт булна. Энд зориулсан үйлдвэр манайд алга.   

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн дарга Б.Пүрэвдорж: Үндсэн хуулийн 6.2, газрын баялгийн дийлэнх хувь ард түмэнд ногдох заалтыг бүрэн хангаж байгаа. Нэгдүгээрт, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 25 хувь байгаа /6 тэрбумаас дээш учир/ Мөн давуу эрхийн 10 хувийн хувьцаа авч байгаа.  Мөн Гааль, НӨАТ, онцгой татвар төлнө, түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны татвар, ААНОАТ, НДШ 12.5 хувь, үл хөдлөх, агаарын бохирдол, усны нөөц ашигласны төлбөр, зам ашигласны төлбөр, газрын төлбөр, улсын тэмдэгтийн хураамж, нөөц ашигласны хураамж, автотээвэр болон өөрөө явагч хэрэгсэл ашигласны төлбөр төлнө. Атомын цахилгаан станцтай болохыг хоёр гараа өргөөд дэмждэг. Бага оврын атомын цахилгаан станцтай болох ажлыг ОХУ-тай эрчимтэй ярьж байгаа. “Орона”-тай бүтээгдэхүүн хуваах зарчмын дагуу Атомын цахилгаан станцтай болох асуудлыг шийдвэрлэх ёстой ч энэ амар бүтдэг зүйл биш. Өнөөдөр энэ үйл явц эхэлбэл ойролцоогоор 2035-2040 оны үед АЦС-тай болох асуудал шийдэгдэнэ. Хаалтын гэрээний дагуу 320 сая ам.доллароор хог хаягдлыг аюулгүй болгоно.  

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Шар нунтгийг эцсийн бүтээгдэхүүн гэж үзэж байгаа тохиолдолд бид НӨАТ авч чадахгүйд хүрнэ. НӨАТ нь АМНАТ-өөс өндөр байдаг. Хаалтын асуудлыг хуульдаа тодорхой оруулах хэрэгтэй. Хаалт ЗГ-ын журмаар шийдэгдэнэ гэж байна. Энэ бол боломжгүй зүйл. Энэ бүхэн хоёр талдаа ойлгомжтой байх хэрэгтэй. Мөн орон нутагтай харьцах харьцааг тодорхой болгоё.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн дарга Б.Пүрэвдорж: НӨАТ авна. Шар нунтгийг эцсийн бүтээгдэхүүн гэж үзэх эсэх дээр асуудал байгаа юм. Гэтэл 2010 оны 11 дүгээр сарын 10-ны ЗГ-ын 286 дугаар тогтоолоор шар нунтгийг эцсийн бүтээгдэхүүний жагсаалтад оруулчихсан байгаа юм. Одоогийн ЗГ оруулж ирсэн төсөл дээрээ НӨАТ авах эсэхийг шийдвэрлэж оруулж ирсэнгүй. Тиймээс шар нунтгийг эцсийн бүтээгдэхүүн гэж үзсэн нь буруу гэж үзвэл Та хууль өргөн барих эрхтэй.

Гишүүд асуулт асууж, хариулт авснаар хэлэлцэх асуудал өндөрлөж, санал хураалтыг маргааш /2024.11.15/ үдээс өмнөх нэгдсэн чуулганаар явуулахаар боллоо. Тус хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 21 санал гишүүдээс ирсэн юм.