Австрали улс Энэтхэгтэй хамтран сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчний үйлдвэрлэл, батарей, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр болжээ. Мөн эдгээр улсууд батлан хамгаалах болон далайн аюулгүй байдлыг бэхжүүлэх тал дээр хамтран ажиллана гэж Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез Энэтхэгийн Ерөнхий сайдтай Их 20-ийн дээд хэмжэний уулзалтын үед мэдэгдэв.
Эдгээр хоёр улс АНУ, Японтой хамт “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ” буюу "Quad"-ын гишүүд юм. Уг холбоо нь Энэтхэг Номхон далайн бүс нутагт Хятадын өсөн нэмэгдэж буй цэрэг, эдийн засгийн нөлөөг тэнцвэржүүлэхийг зорьдог.
Австрали нь нэг хүнд ногдох дээвэр дээр суурилсан нарны эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд нэгд ордог. Тиймээс Энэтхэгтэй хамтран хэрэгжүүлэх төслүүдийн хүрээнд нарны эрчим хүчний салбар дахь ажиллах хүч бэлтгэх сургалт зохион байгуулах юм байна.
"Нарны хавтангийн үйлдвэрлэл, батарей, эрдэс боловсруулалт, “ногоон” устөрөгч, “ногоон” төмөр үйлдвэрлэл зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хоёр тал хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ. Австрали Энэтхэгийн харилцаа бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж Австралийн Ерөнхий сайд хэллээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Моди “батлан хамгаалах, чухал ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч, усан онгоцны үйлдвэрлэл, сансар судлал зэрэг салбарт талууд хамтран ажиллана” гэж мэдэгдэв.
Австралийн Стратегийн бодлогын хүрээлэн лхагва гарагт гаргасан тайландаа, "Quad"-ын гишүүд болон Өмнөд Солонгос зэрэг орнууд хамтраад "Дэлхийн чухал ашигт малтмалын зах зээл дахь Хятадын нөлөөллөөс хамгаалахын тулд хамтын ажиллагаагаа улам сайжруулах шаардлагатай" гэжээ. "
Австрали улс цахилгаан машины батарейнд ашигладаг зэс, ванади, кобальт, лити зэрэг ашигт малтмалын арвин нөөцтэй. Хятад бол Австралийн чухал ашигт малтмалын салбарын томоохон хөрөнгө оруулагч аж. Австралийн Засгийн газар ашигт малтмалын нийлүүлэлтийг төрөлжүүлэхэд бэрхшээлтэй тулгарч байгаа гэж тус тайланд дурджээ.
Эх сурвалж: oilprice.com