17:40 цагт: Хуралдаанд 89 гишүүн оролцсоноос 70 нь буюу 78.7 хувь нь дэмжсэнээр Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээн авлаа.
10:00 цагт: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны улсын төсөв болон төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулан баталсан бусад хууль тогтоомжуудад энэ сарын 20-нд бүхэлд нь хориг тавьсан билээ.
Тус хоригийг өнөөдөр /2024.11.22/ Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, мөн УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр боллоо. УИХ-ын гишүүдийн олонх буюу 66.6% нь хоригийг хүлээж авбал Засгийн газарт 2025 оны төсвийг алдагдалгүй боловсруулсан хувилбар бэлэн байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн билээ. Гэхдээ төсвийг алдагдалгүй баталбал хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн 1.7 их наядын 50 хувийг танах шаардлага үүсч байгаа ажээ.
УИХ-ын дэгийн тухай хуульд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхдээ,
90.1.Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.
90.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
90.5.Гишүүд энэ хуулийн 90.4-т заасны дагуу үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
90.6.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.
90.8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.
90.9.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй гэж заасан байдаг.